Манай дэлхий дээр байдаг байгалийн хийн элементийг Сугар гарагаас олж илрүүлсэн тухай шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Амьдрал бүрэлдэн бий болсныг баталдаг фосфин хийн элемент нь шатамхай, хортой бөгөөд хүчилтөрөгч шаарддаггүй, нян бактериас гардаг байна. Амьтдын дотор гэдэс, чийгтэй газар, намаг балчиг, хог шалбааг зэрэг хүчилтөрөгчгүй орчинд үүсдэг ажээ. Мөн органик биет задрахад үүсч болох юм байна. Үнэр нь ялзарсан загас, сармистай ч төстэй ажээ.
Үүнээс харахад дэлхийтэй ойр байрладаг галт гарагийн үүлний цаана амьдрал нуугдаж байж болзошгүй гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлж байгаа юм.
Сугар гараг нь хэмжээгээрээ дэлхийтэй ижил учраас дэлхийн ихэр гараг ч гэж нэрлэх нь бий. Гэхдээ үнэн хэрэгтээ бидний хамгийн ойрын хөрш гараг боловч тун өвөрмөц учир эрдэмтэд одоо ч уг гарагийн талаар ойлголттой болохын тулд судалсаар байна. Гарагийг бүрхсэн зузаан үүл мэт агаар мандал нь ганг ч хайлуулж чадах халууныг гадаргуу дээр хадгалдаг.
Сугар гарагийн үүлэн давхарга маш хүчиллэг учраас фосфиныг ядах зүйлгүй устгачихна. Гэвч чухам яагаад усталгүй ул мөр үлдсэн бэ гэдэг дээр эрдэмтэд таамгаа дэвшүүлж байна.
Сугар гараг дээр фосфин хий байгаа гэдэг саналыг Кардифын их сургуулийн профессор Жэйн Грийвс хамтрагчидтайгаа цуг хийсэн судалгааны ажлынхаа дүнд дэвшүүлэн Nature Astronomy сэтгүүлд хэвлүүлжээ. Тэд судалгаагаа хийхдээ 2017 онд Хавайд Жэймс Клерк Максвелийн телескопыг ашигласан байна. Мөн 2019 онд Атакамад богино долгионы матриц ашиглан Сугар гарагийг судалжээ. Үүний үр дүнд гарагийн агаар мандлаас фосфины ул мөрийг илрүүлжээ.
Эрдэмтдийн хамгийн нийтлэг дэвшүүлж буй санаа нь гарагийн гадаргуу дээрх галт уул, аянга цахилгаан, бичил солир унах явцад, аль эсвэл химийн процесс үүлэнд явагдахад үүссэн байж болзошгүй гэсэн санаанууд юм. Эдгээр саналууд хамгийн боломжтой хувилбар боловч оновчтой санал гарч ирээгүй.
Одон орон судлаачид ажиглалт, судалгаагаа үргэлжлүүлэн, хиймэл загвар ашиглан туршилт хийснээр илүү оновчтой тайлбар олно гэж найдаж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.