Япон улсын Киото хотын “Kyoto Animation” студид санаатайгаар гал тавьж, 36 хүний аминд хүрсэн сэжигтний түлэгдэлтийн гэмтэл хангалттай эдгэрсэн, мөрдөн байцаалтад оролцох чадвартай болсон гэж үзсэн цагдаа нар түүнийг өнөөдөр баривчиллаа.
42 настай Шинжи Аобаг Киото хотын цагдаа нар хүн амины болон санаатайгаар гал тавьсан хэргээр баривчилжээ. Тэд Аобаг баривчлах шүүхийн захирамжийг арван сарын өмнө хүлээн авсан ч, түүнийг бүрэн эдгэрэхийг хүлээсээр ийнхүү өнөөдөр албан ёсоор баривчилж байгаа юм. Түүнчлэн цагдаагийнхан тус улсын коронавирусийн онц байдал бүрэн цуцлагдах хүртэл хүлээсэн гэх мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас иржээ.
Хэргийг дахин сануулбал, Шинжи Аоба өнгөрсөн оны долдугаар сарын 18-ны 10:30 цагийн орчимд “Kyoto Animation”-ы нэгдүгээр студи руу дайран орж, гал тавин, 36 хүний аминд хүрч, 33 хүнийг шархдахад хүргэсэн. Гэрчүүдийн мэдүүлснээр тэрээр хоёр сав шатамхай шингэн авчраад, барилга дотор цацан, асаагуураар гал тавьжээ. Олон хүн галаас зугтан, дээвэр рүү гүйсэн ч хүрч чадалгүй, угаартсан гэж мэргэжилтнүүд үзсэн.
Харин Аоба нүүр, их бие, дөрвөн мөчдөө их хэмжээний түлэгдэлт авч, хэдэн долоо хоног ухаангүй байсан. Тэр одоо ч бусдын тусламжгүйгээр алхах, эсвэл хоол идэж чадахгүй байгаа юм. Тэрээр өмнө нь “Kyoto Animation” студийг өөрийнх нь зохиолуудыг хулгайлсан учраас шатаасан хэмээн мэдэгдэж байсан.
Прокурорын газраас ирэх хэдэн долоо хоногийн дотор түүний эсрэг албан ёсны эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.