Х.Өлзийбаяр
Японы Киото хотын хүүхэлдэйн Kyoto Animation Co студид 41 настай нэгэн этгээд гал тавьсны улмаас их хэмжээний түймэр дэгдэж 33 хүн амь үрэгдсэн байна. Аврах албаныхан нэрвэгдэгсдийг эрж хайх ажлаа зогсоожээ. Түймэр гарах үед студид 70 хүн ажиллаж байжээ. Гэмт этгээд түймэр тавих үедээ “Үхэцгээ ...” хэмээн хашхирч байсан бол баривчлах үеэр хутга мэс барьсан байжээ. Сэжигтэн хууль сахиулагчдад шатаагч шингэн ашигласнаа хүлээсний дараа цагдаагийнхан шалгалт явуулж өглөөгүүр хэн нэгэн студиэс тун холгүй нэгэн шатахуун түгээх цэгээс канистрт бензин авсан гэсэн мэдээлэл олсон ч энэ нь өнөөх шатаагч мөн эсэхийг тодруулж амжаагүй байгаа гэнэ.
Сэжигтэн этгээд гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа хууль сахиулагчдад мэдүүллээ гэж Kyodo агентлаг мэдээлснийг ТАСС дамжуулжээ. Сэжигтэн “Тэд миний уран бүтээлийн санааг хулгайлсан учраас би шатаасан юм” гэж тэр мэдүүлсэн гэнэ. 1981 онд байгуулагдаж KyoAni хэмээн товчилсон нэрээрээ нэршсэн Японы Kyoto Animation студи нь “Харуки Сузумийн тэнэглэл”, “Кланнад” зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан юм.