Дэлхийн нийтийг хамраад буй цар тахлын тархалтын улмаас бүх төрлийн спортын арга хэмжээнүүд зогсоод багагүй хугацаа өнгөрөөд байна.
Энэхүү хорио цээр нь хүн төрөлхтний спортын ноён оргил болох хөлбөмбөгийн том, жижиг бүхий л тэмцээнүүдийг тойрсонгүй. Европын топ лигүүд үзэгчгүйгээр хуваарьт тоглолтуудаа явуулах оролдлогыг хийж байсан ч хөлбөмбөгчдөөс халдвар илэрсний дараагаас бүх лиг улирлаа дуусгаж амжилгүй цуцлагдаад байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд Европын улсуудад корона вирусийн тархалт харьцангуй намжиж буй тул UEFA буюу Европын хөлбөмбөгийн нэгдсэн холбооны зүгээс Европын лигүүдээ үргэлжлүүлэх зорилго бүхий "Дахин эхлүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тус холбооны гишүүн холбоо бүрийг тавдугаар сарын 25-ны өдрийн дотор лигээ үргэлжлүүлэх эсэхээ тодорхой шийдвэрлэх, хэрэв үргэлжлүүлэх тохиолдолд тодорхой хугацааг тодорхойлохыг хүслээ. Ингэснээр UEFA-гийн тэмцээнүүдийн төлөвлөгөөг гаргах зорилготой байгаа аж.
Бундес лиг тавдугаар сарын 9-нд эхэлнэ
Германы дээд лиг болон нэгдүгээр лигийн 36 багийн төлөөллүүд уулзаж тус шийдэлд хүрсэн. Гэвч Герман улсын засгийн газар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Премьер лиг зургаадугаар сарын 8-нд эхэлнэ
Английн премьер лиг энэ зун ямар нэг байдлаар лигээ дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар бүх багийн удирдлагууд санал нэгтэйгээр шийдвэрт хүрч багууд эхнээсээ ганцаарчилсан бэлтгэлийг эхлүүлээд байна.
Нидерландын лиг албан ёсоор цуцлагдлаа
Энэ улирал лигийн аварга баг тодрохгүй. Мөн доод лигрүү багууд унахгүй байхаар шийдвэрлэгдсэн байна.
"Сери-А" лигийн багууд бэлтгэлдээ гарсан
Италийн ерөнхий сайд багуудад бэлтгэлээ хийх зөвшөөрлийг олгосон байна. Гэвч энэ нь бүтэн багаараа бус ганцаарчилсан бэлтгэл хийх нөхцөлтэй юм.
Лиг-1 цуцлагдах өндөр магадлалтай
Франц улсын засгийн газрын зүгээс энэ оны есдүгээр сар хүртэл спортын бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна. Энэ нь "Лиг-1"-ийн 2019-2020 оны улирал өндөрлөхөөс өөр аргагүй байдалд хүрч байгаа юм.
Сайхн бнда