Ph.D Д.Отгонболдын корона вирусийн дэлхийд болон Монголд үзүүлж байгаа эдийн засгийн нөлөөний хоёр дахь нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Эхний нийтлэлийг энэхүү линкээр уншина уу.
COVID-19-ийн эрсдэл өндөр, тархалт элбэг байгаа энэ үед бид эдийн засагт түүхэнд тохиож байгаагүй үйл явдлуудын гэрч болж байна. Хүмүүс хөл хорионоос бүрэн гарах хүртэл эдийн засагт сэргэх шинж үзэгдэхгүй бололтой. Засгийн газраас эдийн засгийг эрүүлжүүлэхээр хийж буй алхмуудыг ард иргэд чих тавин хүлээж, дор бүрнээ тунгаан ойлгохоор эрмэлзэж байна.
Эдийн засагт үндсэн хоёр ойлголтыг чухалчилдаг. Нэгдүгээрт, хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах тухай ‘хомсдолтой нөөц’-ийн ойлголт. COVID-19 нь Монгол Улсын хаалгыг тогшихоос өмнө Засгийн газар яаравчлан хатуу хөл хорио тогтоосныг энэхүү агуулгын хүрээнд тайлбарлаж болох юм. Ханиад, томуу хамгийн их дэгддэг өвлийн улиралд манай эмнэлгүүдэд эмч, сувилагч хүрэлцээгүй болж, хэвтэх оргүйдэн, хөгшид, хүүхдүүдээ эмчлүүлж чадахгүй хүнд нөхцөл байдал үүсдэгийг бид жил бүр мэдэрдэг. Энэ бол эрэлт өндөр байх үед хомсдол үүсч буйн тод жишээ юм.
Урд хөршид коронавирусийн дэгдэлттэй зэрэгцэн бид хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, эмнэлгийн үйлчилгээний хомсдол үүсэхээс сэргийлж чадсан. Хөл хорионд орсноор энэ жилийн нийтлэг ханиад, томууны өвчлөлт ч буурсан. Угаас хүн ам сийрэгтэй бид энэхүү вирусийг тусах магадлал харьцангуй бага боловч ханиадны ид үед дотоодод илэрсэн бол нийгмийн сэтгэл зүй балмагдаж эмнэлэгт ханиад, томууны шинжтэй иргэд бөөгнөрч, оношлогооны технологи нь ирээгүй байхад хуурай өвсөнд гал асаахтай ижил вирус тархах эрсдэл өндөр байсан. Тиймээс яаравчилсан хөл хорионд шилжсэн явдлыг эмч, сувилагч, эмнэлгийн нөөцүүдийг зөв хуваарилсан шийдвэр гэж ойлгож болох юм.
Хоёрдугаарт, бараа үйлчилгээний ‘дутагдал’-д орох ойлголт бий. Хөл хориог эхэлмэгц дэлгүүрийн лангуун дээрх гурил, будаа, 00-ийн цаас гэх мэт бараанууд хэсэг зуур алга болсон. Тэрхүү богино хугацаанд тухайн бараануудын түр зуурын дутагдал үүсч буй хэрэг юм. COVID-19-ийн улмаас нөхцөл хүндэрвэл хэрэгцээт бараануудыг худалдан авч чадахгүй болох магадлалтай гэж сэрэмжилсэн хүмүүс эрэлтэд гэнэтийн өсөлтийг үүсгэж байгаа нь тэр. Тэглээ гээд хүмүүс хагартлаа идэж, ариун цэврийн өрөө рүү зүглэх нь нэмэгдэхгүй. Тэгэхээр иргэдийн гэрт эдгээр бараануудын илүүдэл үүссэн гэж ойлгож болно. Эрэлт нь гэнэт ихэссэн бараануудын үйлдвэрлэл, нийлүүлэлт тогтмол байвал бараа, үйлчилгээний дутагдалд орохгүй. Харин агаарын тээвэр, ресторан, хоолны газар, кино театр, зочид буудал, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын хувьд асуудал бодитоор үүсч байна. Хөл хорионы үед хүмүүс аяллаар явж, гадуур хооллож, кино үзэхгүй тул эдгээр салбарууд дахь эрэлт хумигдаж компаниуд ажилчдаа түр болон бүр цомхотгол явуулах бэрхшээлтэй тулгарна. Бараа үйлчилгээний эрэлт буурахад, ажиллах хүчний эрэлт мөн буурна. Хэдэн мянган хүн ажилгүй, мөнгөгүй болж эхлэхэд тэр чинээгээр эдийн засаг агшиж эхэлнэ. Нэг хүн мөнгөгүй болоход нөгөө хүний орлого буурах гинжин урвал газар авч эдийн засаг бүхлээрээ уналтанд орно. Эдийн засаг зургаан сарын хугацаанд тогтмол хумигдахыг уналтанд орлоо гэж үздэг. Ингэхдээ өмнөх түүхэн уналтуудтай харьцуулан тодорхойлдог байна. Гэвч энэ удаагийн уналт нь цагийн явцад ирээгүй COVID-19-ийн улмаас гэнэт үүссэн тул ажилгүйдлийг мөн цочир өсгөх буй за. Тэгвэл бид үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ?
Эдийн засгийн уналтыг саармагжуулах үндсэн хоёр аргыг санах хэрэгтэй. Мөнгө ба төсвийн бодлого.
Өнгөрсөн 3-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Төв банк бодлогын хүүг 11 хувь байсныг 10 хувь руу буулгаж, арилжааны банкуудын Төв банкинд заавал байлгах нөөцийг 10.5 хувь байсныг 8.5 хувьд хүргэж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, зээлийн үйл ажиллагааг дэмжиж, иргэд компаниудыг хүүгийн дарамтаас бага боловч хөнгөлөх мөнгөний бодлогын алхмыг хийсэн.
Цаашилбал, арилжааны банкууд дахь засгийн газрын бондууд гэх мэт бүтээгдэхүүнүүдийг худалдан авч нэмэлт дэмжлэг үзүүлэх магадлалтай. Эдгээр нь банкуудад хангалттай мөнгө байршуулж тэднийг доголдолд орохоос сэргийлэхээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм. Гэвч банкууд хямрах магадлал харьцангуй бага. Харин ард иргэд, компаниудын мөнгө, хөрөнгийн зарцуулалт огцом буурч, эдийн засаг дахь эрэлтийн цочролын шалтгаан болж байна.
Тиймээс энэхүү нөхцөл байдлыг залруулахад засгийн газар иргэд, компаниудын мөнгө, хөрөнгийн зарцуулалтыг дэмжихээр төсвийн бодлогын хүрээнд татварыг бууруулахад анхаарч эхэлжээ. Нэг талаас томоохон төсөл эхлүүлэх, эсвэл худалдан авалт хийхээр шамдах хэрэггүй. Харин яаравчлан хүмүүсийн халаасанд бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлж тэдэнд шаардлагатай бараа, үйлчилгээгээ авахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буй хэрэг юм.
Засгийн газрын 3-р сарын 27-ны өдрийн мэдэгдэлд 10-р сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд цалингаас НДШ, ХХОАТ авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын татвар авахгүй, үйл ажиллагаа нь хүндэрсэн компанийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх, малчдаас ноолуур авахад 300 тэрбумын зээл гаргах, 18 насны хүүхэд бүрт 3 сарын хугацаанд 10 мянган төгрөг нэмэгдүүлж олгох, шатахууны үнийг тодорхой хувиар буулгах гэх мэт шийдвэрийг танилцуулсан.
COVID-19-ийн эсрэг өндөр хөгжилтэй орнуудад явуулж буй төсвийн бодлого дахь нэг иргэнд ногдох мөнгөн дүнтэй харьцуулахад бага боловч манай улсын төсвийн чадамж, дулаарч буй улирлын эдийн засгийн хүчин зүйлүүдэд үндэслэн эдгээр шийдвэрүүд гарсан нь лавтай. Ингэж тараасан мөнгийг хадгалах биш, эдийн засагтаа буцааж зарцуулж байж эрэлтийн цочролыг зөөлрүүлэх учиртай. Гэвч бид цаашид эдийн засаг сэргэх биш давхар уналтанд орох магадлалтай цаг үед амьдарч байна. COVID-19-ийн тархалт нэмэгдэж эдийн засаг унах тусам төр нь мөнгө болон төсвийн бодлогыг хослуулж, популизмаас ангид, энэхүү уналтыг нийтийн саруул ухаанаар даван туулах шаардлагатай.
Тэгвэл иргэд бид яах вэ? Өөрсдийн төлөвлөж байсан аливаа тансаг эсвэл томоохон худалдан авалт, ирээдүйн хөрөнгө оруулалтын талаарх шийдвэрээ түр хойшлуулж нөхцөл байдал сайжрахыг харзнах нь зүйтэй болов уу.