Төрийн удирдлагын доктор Д.Отгонболдын COVID-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаарх шинэхэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Дэлхийн эдийн засаг гүн цочролд орж байсан түүхэн баримт цөөнгүй. 1929 оны хөрөнгийн зах зээлийн хямрал, 1970-аад оны газрын тосны хомсдол зэргийг дурьдаж болно. Мөн алтанзул цэцэг, интернет старт-ап компани, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс хэрхэн хагарч байсныг санах хэрэгтэй. Эдгээрээс бид эдийн засгийн зогсонги байдал, уналтыг зогсоож чадахгүй ч түүний эсрэг арга хэмжээг хэрхэн авах талаар түүхэн сургамжтай үлджээ.
Гэвч коронавирусийн хувьд эдийн засгийн цоо шинэ асуудлуудын шалтгаан болж байна. Эдийн засгийн уналтыг үндсэн гурван цочролын хүчин зүйлтэй холбон тайбарладаг: эрэлт, нийлүүлэлт, санхүүгийн цочрол. Эдийн засаг улам доройтох нь гэж таамагласан хэрэглэгч, компаниуд өөрийн мөнгө, хөрөнгийг зарцуулахаа хязгаарлах, зогсоохыг эрэлтийн цочрол гэдэг.
Хэрэглэгчид эдийн засаг цаашид улам муудаж, өөрийн ажлын байраа алдах нөхцөл үүсч болзошгүй гэж үзвэл хэрэглээгээ танаж, авахыг хүсч байсан машин гэх мэт барааг худалдаж авахгүй болно. Хуучин машины худалдаа хийдэг наймаачдын орлого буурах ба тэд импортлох машиныхаа тоог бууруулна. Орлого буурч, зарцуулалт багасч, зарим нь ажилгүй болно. Үүнийг эдийн засагтаа үл итгэх үйлдэл гэж тайлбарладаг. Харин нөгөө талд чухал бараа, үйлчилгээний үнэ өсч, хомсдол бий болохыг нийлүүлэлтийн цочрол гэдэг.
1970-аад оны газрын тосны хомсдолын түүхээс сөхвөл нийлүүлэлтийн цочрол нь олон талт, сөрөг үр дагаврын эх үүсвэр болдог ажээ. Инфляцийн өсөлт даамжирч, бизнес эрхлэгчид, компаниудын бараа, үйлчилгээ үйлдвэрлэх, нийлүүлэх өртөг нэмэгдэж, улмаар ажлын байрны цомхотгол явуулах үндсэн шалтгаан болдог байна. Гурав дахь нь санхүүгийн салбарын цочрол бөгөөд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн уналт, банкны хямралаас үүдэн зээлийн үйл ажиллагаа хумигдаж, мөнгө, хөрөнгийн зарцуулалт буурснаар үйлдвэрлэл, бүтээмжийн уналтанд орж буйг хэлнэ.
Тэгвэл COVID-19 цар тахал нь эдийн засгийг эдгээр гурван цочролд зэрэг оруулах магадлалтай байна. Хэрэв би өөрийн ойр дотны хүмүүсийг цар тахал тусах вий гэж айх аваас гадагшаа гарахгүй, олон нийтийн газар явахгүй, үйл ажиллагаанд оролцохгүй, гадуур хоол идэхгүй, мөнгө үрэхгүй. Яг ийм сэтгэлгээтэй хэдэн мянган хувь хүн, гэр бүл байгаа гэж үзвэл маш их хэмжээний мөнгө, хөрөнгийн зарцуулалт хумигдаж, эрэлтийн цочрол үүсч буйг гэрчлэх болно.
Харин би бизнесмэн бөгөөд ажилчид маань хатуу хөл хорионы улмаас үйлдвэр, компани дээрээ ирж ажиллах боломжгүй болбол миний зах зээлд нийлүүлэх бараа, үйлчилгээ тасалдах болно. Миний бизнес хөл хорионд ороогүй улс, бүс нутагт байсан ч бизнесээ явуулахад хэрэгтэй орц, материал, барааг бусад нийлүүлэгч орнуудаас импортлох үйл ажиллагаа зогсох магадлалтай. Дэлхийн үйлдвэр гэж нэрлэгддэг БНХАУ-д COVID-19-ийн голомт үүссэн нь олон орны эдийн засагт нийлүүлэлтийн цочролыг түгээх болно.
Коронавирусийн тархалтыг зогсоох, устгахаар авч хэрэгжүүлж буй алхмууд дэлхийн нийлүүлэлтийн гинжин холбоонд цочролыг авчрах нь тодорхой. Харин санхүүгийн цочролыг өнгөрсөн өдрүүдийн АНУ-ын S&P 500, Японы NIKKEI 225, Өмнөд Солонгосын KOSPI зэрэг индексийн уналтуудаас харж болж байна. Ялангуяа АНУ-ын S&P 500 нь 2008 оны 10-р сард доод хэмжээндээ хүрч байсан үеэс хойш энэ удаа огцом муудаж бараг 12 хувиар буурчээ. Энэхүү асуудал нь тус орнуудын бодлого боловсруулагчид, эдийн засагчдад шийдэл олох шаардлага, томоохон сорилтыг бий болгож байна.
Эдийн засагчид уналтын эсрэг үндсэн хоёр арга бий гэж үздэг. Эхнийх нь сангийн буюу төсвийн бодлого юм. Засгийн газар нь ААН, иргэдээс авах татварын хэмжээг бууруулах эсвэл улсын төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлж хэрэглэгчид, бизнесийнхэн мөнгө, хөрөнгөө зарцуулах үйл ажиллагааг нь дэмжихийг хэлнэ.
Гэвч хөл хорионд орсон орны хувьд татварын хөнгөлөлт төдийлөн тус болохгүй байх магадлалтай. Учир нь хүмүүс гадагшаа гарч мөнгөө үрэхгүй. Үүний зэрэгцээ төсвийн зарцуулалт үр нөлөөгүй байх магадлалтай. Худалдан авах бараа, материалын хомсдол үүссэн байхад Засгийн газар шинэ гүүр барих эсвэл аливаа томоохон худалдан авалт хийх гэж шамдах нь утгагүй. Улсаас иргэдэд мөнгө тараагаад дэлхийн хэмжээний цар тахалын эдийн засгийн асуудлыг шийднэ гэж байхгүй.
Дараах арга нь мөнгөний бодлого юм. Төв банк болон арилжааны банкууд зээлийнхээ хүүг бууруулж иргэд, бизнесийн худалдан авалт болон тэдний зарцуулалтыг дэмжиж буйг хэлнэ. Түүхэнд зээлийн хүүг бага хэмжээнд тогтоож ирсэн зарим хөгжсөн орнуудад төдийлөн үр нөлөөтэй бодлого биш боловч хөгжиж буй, зээлийн хүү өндөр манай орны хувьд үр нөлөөтэй байх боломжтой.
Хэд хоногийн өмнө Сангийн сайд бодлогын хүүг 11 хувь байсныг 10 хувь болгож бууруулсан талаар мэдээлэл хийсэн. Мөн арилжааны банкуудын төв банканд заавал байршуулах ёстой мөнгөний нөөцийн хувь, хэмжээг 10.5 хувиас 8.5 хувь руу буулгажээ. Энэ нь онолын хувьд эдийн засагт нэлээд хэмжээний мөнгө шахагдан орох орчин, нөхцлийг бүрдүүлж буй хэрэг юм. Хэрэв коронавирусийн тархалт тодорхой бус хэвээр байвал энэ бодлого дээр нэмж иргэд, бизнесүүдийн эдийн засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэх, илүү бүтээмжит арга замыг боловсруулж, тэдний зарцуулалтыг нэмэгдүүлэх сорилттой тулгарах болно.
COVID-19 цар тахлын аюул, хөнөөлөөс илүү энэхүү вирусийн талаарх олон нийтийн хариу үйлдэл нь эдийн засагт илүү их сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Бусад амьсгалын замын өвчин, томуутай харьцуулахад коронавирусаар өвчилж, үхэх магадлал маш бага гэж олон улсын статистик датанууд санал болгож байна. Орчин үеийн поп соёл, нийгмийн сүлжээний ачаар энэхүү цар тахлын тухай мэдээлэл дэлхий даяар тархаж, медиа салбарт одоогийн байдлаар 1.1 тэрбум удаагийн давтамжтай дурьдагджээ. Хот, улсуудыг хааж, худалдаа, наймааг хязгаарлаж буй нь эдийн засгийг зогсонги байдалд оруулж, уналтанд хүргэх нь гарцаагүй.
Дэлхий даяар COVID-19 цар тахлыг амжилттай хазаарлан тогтоож, вирус хамгийн их тархсан орнуудад эдийн засгийн уналт тодорхой хэмжээнд явагдаж өнгөрвөл санаа зовох зүйлгүй. Харин тархалт улам газар авч, хөл хорио, хатуу дэглэм, хязгаарлалт чангарах тусам эдийн засагт үйлдвэрлэл буурч, олон улсын худалдаа төдий чинээ хумигдаж, дэлхийн хэмжээний эдийн засгийн уналт болж тэлэх магадлалтай.
Эдийн засгаа дэмжихийн тулд хүмүүст гадагшаа гарч хүссэн машин, хувцас, бараагаа худалдан авч, шинэ бизнесээ эхлүүлж, гадуур хооллож, кино үзэж, аяллаар явж, эдийн засагт мөнгө, хөрөнгөө зарцуулахыг уриалж болох юм. Гэвч энэхүү цар тахлын аюулыг зогсоож, гадуур айх аюулгүй чөлөөтэй явах улирал ирээгүй байхад манай эдийн засагт ч мөн адил эрүүлжих орчин мөд бүрдэхгүй байх магадлалтай. Тиймээс дэлхийд нүүрлээд буй коронавирусийн аюулыг бид өөрийн нутагтаа популизмаас ангид, нийтийн ашиг сонирхлын дагуу амжилттай даван туулах чухал шаардлагатай тулгарч байна.
Д.Отгонболд, Ph.D
2020.03.17