Монгол Улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ сарын 28-нд мэдээллээ.
Монгол Улсад COVID 19-ийн бүртгэгдсэн 12 тохиолдол:
2020.03.10-ны өдөр. Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16-ны өдөр. Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар, 16-ны Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн.
2020.03.18-ны өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
2020.03.19-ний өдөр. Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.
2020.03.21-ний өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ.
2020.03.26-ны өдөр. Гуравдугаар сарын 18-ны Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.03.28. Гуравдугаар сарын 18-ны Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 илэрлээ. Ингээд Монголд коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн дөрвөн онгоцоор 983 иргэнээ эх оронд авчирсан билээ.
Улсын онцгой комисс гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл, 3-ны өдөр Токио хот руу тусгай үүргийн нислэг хийж, нутаг буцах хүсэлт гаргасан 500 гаруй иргэнээ авчрах шийдвэр гаргаад байна. Эмчлүүлж буй 12 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.