Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн цаг үеийн байдлаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио Улаанбаатарын 206 хүнийг шинжилгээнд хамруулж дуусгалаа. Ингээд үүргийн дөрвөн онгоцоор ирсэн зорчигчдыг шинжилгээнд бүрэн хамруулав. Цаашид ажиглалтад байгаа иргэдийг хянаж, шинжлэх болно. Аль болох эрт илрүүлэх нь чухал гэдгийг хэлмээр байна. Энэ ч үүднээс Истанбул-Улаанбаатар онгоцоор ирсэн иргэдээс давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд манай улсад 12 тохиолдол бүртгэгдлээ.
Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт хоёр, нийт зургаан хүнийг тусгаарлаж, тандалт лабораторийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн эмчлүүлж байна.
Тусгаарлалтад байгаа хүнээс халдвар илэрвэл хамт тусгаарлагдсан иргэнийг дахин 21 хоног тусгаарлана. Мөн өчигдөр Баян-Өлгий аймагт тусгаарлалтад байсан иргэн өөр хүний паспортоор Улаанбаатарт ирж байсныг цагдаа, онцгой байдлынхан илрүүлж, Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.
Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: 3837 иргэнийг тусгаарласнаас өнөөдрийн байдлаар 2390 иргэн ажиглалтад байна. Дээрх иргэдэд 320 эмч, мэргэжилтнүүд үйлчилж байгаа юм. Тусгаарлалтын байранд байгаа иргэдэд халуун бууруулах, өвчин намдаах эмийг гаднаас оруулахгүй байгаа. Бусад эм, хэрэгтэй зүйлсийг хяналтанд дор оруулна.
Орон нутагт буй оюутнууд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахыг хүссэн тул ирэх даваа гарагаас харьяалагдах эмнэлгүүдэд ажиллана. Өчигдөр уламжлалт анагаахын чиглэлээр бусад улс орны эмч нартай цахим сургалтыг явуулсан.
Уламжлалт эмчилгээг дархлааг дэмжих, сэргээн засах эмчилгээнд буюу хөнгөн зэргийн өвчтөнүүдэд ашиглаж байгаа. Харин хүнд өвчтөнүүдэд аль болох уламжлалт эмчилгээ хийхгүй байхыг хятадын талаас зөвлөсөн.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Ковид 19 халдварын тархалт өнөөдрийн байдлаар 512701 тохиолдол, 239495 нас баралт шинээр мэдээлэгдсэн байна. 50 гаруй улсын эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийсэнд манай улс оролцсон. Хурлын үеэр БНХАУ, БНСУ зэрэг улсууд дэгдэлтийн үед авсан үр дүнтэй арга хэмжээнүүдээсээ хуваалцсан. Хувийн хамгаалах хэрэгслүүдийн хувьд улс орон бүрт хүндээр тусаж байна. Цахим сургалтын санд ковид-19 халдвартын эмчилгээг хийх, тусгаарлах арга хэмжээний тухай шинэ сургалт орсон.
Хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд тус халдварыг авах эрсдэл нэмэгдэж байна. Итали улсад 4800 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Мадрид хотод цогцос хадгалах байр сав хангалтгүйгээс шүүхийн шинжилгээний төвийг зохицуулалт хийж байна.
БНХАУ-ын халдварын тохиолдлын ихэнх хувь нь гадаадын иргэдээс зөөвөрлөгдөн ирж буй тул энэ Бямба гараг /2020.03.28/-аас гадаадаас жуулчид болон иргэдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.