Нэршлийг нь уншиж, бичихээс ч залхаж буй цар тахал дэлхий нийтийг "унтаа байдалд" оруулаад удаж байна. Цаашдаа ч хэр удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй.
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн их наадамтай жил бүх спортын төрлүүд идэвхэждэг жамтай ч энэ жил гайт тахлаас үүдэлтэйгээр ихэнх спортын тэмцээнүүд цуцлагдаж, хойшилсоор. Төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж буй цөөн тэмцээн нь "сүнстэй хотод тэнүүчлэх зомбы шиг" чимээ, аниргүй үргэлжилж байна. Аливаа спорт хөгжөөн дэмжигч, үзэгчдийн уухай дор өрнөж байж цэнгэлийн дээд болдог гэдгийг мэдрүүлсэн энэ өдрүүдэд хөлбөмбөгийн ертөнцөд өрнөж буй "тахлын мэдээг" тоймловол:
Гоолын баяраа "сандалтай хамт" тэмдэглэх хөлбөмбөг
Гоол оруулсан тоглогчид баяраа тэмдэглэхээр зөнгөөрөө үзэгчдийн зүг гүйх ч тэднийг хөгжөөн дэмжигчид бус хоосон сандлууд угтах аж.
Италийн Сери А, Испанийн Ла лиг хуваарьт тоглолтуудаа зогсоож хойшлуулах шийдвэр гаргаад байгаа бол Английн Премьер лиг, Германы Бундеслиг үзэгчгүй явагдаж байгаа ч цуцлагдах магадлал өндөр байна. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Челси клубын шилдэг тоглогч Хадсон Одой, Арсенал клубын дасгалжуулагч Микел Артета, Ювентусын төвийн хамгаалагч Даниел Ругани нар вирусийн халдвар авсан нь батлагдаад байна.
Мөн Английн Премьер лигийн Льестер сити клубын гурван тоглогчид халдварын шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлагдах болсон байна.
Ирэх долоо хоногт явагдах хуваарьтай байсан Аваргуудын лигийн тоглолтууд тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь Реал Мадридын сагсанбөмбөгийн багийн тамирчдаас халдвар илэрсэн тул хамтдаа бэлтгэлээ базаадаг хөлбөмбөгийн тамирчид бүгд тусгаарлагдсан байна.