Монголын улс төрчид үнэхээр өндөр "эрх мэдэлтэй" ажээ. Тэд хүссэн мөнгөө хувааж авна, хүссэн хүндээ ямар ч хамаагүй ял оногдуулж чадна гэдгийг сүүлийн жилүүдэд өрнөж буй нийгмийн анхаарал татсан олон жишээ харуулж буй
Хамгийн сүүлийн жишээ бол алдарт 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх асан А.Ганбаатар нар. 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс барьсан гол хөзөр болох 60 тэрбумын схем гэгч хэрэгт заавал "дүр оноож" хэн нэгнийг яллахгүй бол МАН-ын нэр хүндэд сэв суучихаад байсан нь үнэн.
Энэ дүрээр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "сонгож" тэдэнд ямар ч хамаагүй ял оноож, 60 тэрбумын схем гэгч "байсан" гэдгийг батлах "дээдчүүдийн тохироо" бий гэлцдэг.
Үүний үр дүнд анхлан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "Төрийн эрхийг хууль бусаар булааж авах" гэсэн үндэслэлээр хэрэг тохож шалгаад, эцэст нь энэ нь ямар ч боломжгүй хувилбар болж таарсан тул шүүх хурал дээр хэдхэн минутын дотор хувилбар өөрчлөгдөж тэднийг "сонгууль будлиантуулах гэж оролдсон" гэсэн үндэслэлээр ял оноосон билээ. Монголын шүүхийн системд гарч байгаагүй эл "гайхалтай" ялын дүгнэлтийг учир мэдэх хүмүүс "золионы ял" гэж үзэх болсон.
Энэхүү "кэйс" УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээр давтагдах вий гэсэн болгоомжлол төрж эхэллээ
УЕП Б.Жаргалсайхан Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгосон, мөн, Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найман этгээдэд давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулсан болохыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлсэн. Бичлэгийг энд дарж үзнэ үү.
Үүнтэй зэрэгцэн сүүлийн үед АПУ-ийн Батхүү гэгдэх талийгаач Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ямар нэгэн аргаар холбогдуулах "операци" эхэлсэн болохыг 13 секундын бичлэг, харсан гэрч, талийгаачийн ар гэрийнхний ХБХ зэргээс харж болно.
Энэ долоо хоногт УИХ дахь холбогдох байнгын хороод болон нэгдсэн чуулганаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг авч хэлэлцэнэ. Үүний наана өнгөрөгч долоо /2020-01-24/ хоногт хуралдсан Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг танилцуулах үеэрээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үг эрхгүй анхаарал татаж буй
Тэрбээр “өөр зүйл рүү хадуураад шалгаад явчих вий, гол зүйлээ шалгаасай гэж дэд хорооны гишүүд санаа зовж байна. Прокурор хяналт тавьж байгаа, УЕП өөрөө энэ саналыг оруулж ирсэн учраас хариуцлагыг цаашид хүлээх байх” гэж тов тодорхой хэлсэн билээ.
Ц.Сандуй, А.Ганбаатар нар бодож ч үзээгүй зүйл ангиар ял авсан шиг зүйл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт тохиолдох вий гэсэн болгоомжлол төрж эхэллээ. Үгүй л байгаасай.