БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад сайд нар мэдээлэл өглөө.
Шадар сайд Ө.Энхтүвшин "Дэлхий нийтэд түгшүүр түрүүлж буй шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Нэг цагийн өмнө авсан мэдээллээр олон улсад 1,956 хүн өвчилж, 56 хүн нас баржээ. Монгол Улс ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна" гэлээ.
Түүнчлэн өнөөдөр Монгол Улсад коронавирус илрээгүй боловч урьдчилан сэргийлэх ажиллагааг сайтар хэрэгжүүлэх нь чухал учраас бид дараах шийдвэрийг гаргалаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмч эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох, маск, халуун хэмжигч, мананцар үүсгэж халдваргүйжүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийг авах зардлыг шийдэхээр боллоо.
Хилийн боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг 2020 оны 1-р сарын 30-ны дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ингэхдээ хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас /2020.01.27/ хязгаарлахаар болжээ. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй аж.
Эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоохоор болов.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Цэцэрэг, ЕБС, их дээд сургуулиуд бүгд эрсдэлээс урьдчилан сэргийлж хаах шийдвэр нь төрийн болон хувийн хэлбэрийн бүх байгууллагад хамааралтай. Урьд нь хичээл амрах шийдвэр гаргасан байх үед хувийн сургууль, цэцэрлэг ажиллах явдал гарч байсан. Энэ удаад ийм зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулж байна" гэсэн юм.
Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.
Цахим болон теле хичээлийг зохион байгуулна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах үйл ажиллагааг БНХАУ-ын талтай хамтран зохион байгуулах үүргийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болголоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин "Ухань хотод Монголын 31 иргэн байгаа. Хориг тавьсан учраас БНХАУ-ын талтай эхлээд зөвшилцөнө. Бид ямартай ч иргэдээ авчирна гэсэн байр суурьтай байна. Онгоц явуулж таарах болов уу. Даваа гараг буюу маргааш энэ асуудал тодорхой болно" гэсэн юм.
Эрүүл мэндийн салбар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд бэлтгэлээ хэр хангасан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Халдварт өвчин судлалын үндэсний төв олон улсын жишигт нийцсэн, дэлхийн 120 оронд ашигладаг лабораторитой. 21 төрлийн вирус илрүүлэх хүчин чадалтай. Одоогоор бүх орон тухайн вирус илрэхгүй бол коронавиурс биш байна гэж тодорхойлж байна.
Япон, Хятадын эрдэмтэд коронавиурсыг тодорхойлох оношлуурыг гаргаж авсан. Туршилтын эхний оношлуурыг Япон улсаас Монгол Улс ирэх мягмар гариг гэхэд хүлээн авна.
ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа" гэв.