ТЕГ-ын алба хаагчид галт зэвсэг ашиглан 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрэм хийсэн талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад “Урьд шөнө цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Одоо шалгаж байгаа” гэх хариуг өгч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
ТЕГ-ын ажилтнууд тусгай хувцас хэрэглэлтэйгээ ОХУ-ын иргэнээс 300 орчим сая төгрөг дээрэмдэх гэж байгаад баригдсан юм байна. Ийм хэрэг гарсан нь үнэн боловч, 23-24-нд шилжих шөнө шуурхай ажиллагаа явуулаагүй, 14 орчим хоногийн өмнө цагдаа нар баривчилгаа явуулж, ТЕГ-ын тусгайгийн албан хаагчдыг баривчилжээ. Хэргийн талаар тухайн үед мэдээлэлгүй, яагаад 24-ний баасан гарагийг сонгон “өчигдөр шөнө” гэсэн худал тодотголтойгоор мэдээлсэн нь ойлгомжгүй байна.
Ирэх даваа гараг буюу 27-нд ТЕГ-ын шинэ байрны нээлтэд зориулж, цагдаагаас барьсан “бэлэг” гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь тагнуулын байгууллагын нэр хүндийг унагах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа нуусангүй.