"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр /2020.01.21 энд дарж үзнэ үү/ Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ хурандаа нар оролцсон хахуулийн хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр /2020.01.22/ Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагч авлига авсан эсэхийг шалгаж, тогтоохоор ажлын хэсэг гарсан талаар тайлбар, мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун мэдээлсэн билээ.
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд "Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээл гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс "Бавгар" ХХК-тай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 дүгээр корпус ашиглалтад орсон. Хоёр корпус барилгын суурийн ажил дуусах шатандаа ажил явагдаж байна.
Энэ хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж сахилга ёсзүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажлын хэсэг ажиллаж байна. "Бавгар" ХХК-ийн зүгээс АТГ-т холбогдох баримтаа өгсөн байгаа гэж мэдээлсэн" хэмээлээ.
Мөн “Хэвлэл мэдээллээр өгсөн мэдээллийг нягталж шалгаж байна. Өмнө нь цагдаагийн байгууллагад хоёр удаа өргөдөл, гомдол өгч байсан гэж хэлсэн. Өнгөрсөн 2018 онд “Бавгар” компанийн зүгээс “Цагдаагийн алба хаагчид мөнгөө өгөөгүй байна” гэдэг асуудлаар хандаж байсан.Тухайн үед ажлын хэсэг гаргаж, шалгаад ажлын хэсгийн ахлагч нарыг сольсон.
Энэ авлигын асуудалтай холбоотой өргөдөл, гомдол ЦЕГ-т өмнө нь ирүүлж байгаагүй гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллээр яригдсан, нэр дурдагдсан цагдаагийн хурандаа нарыг шалгаж, тогтооно.
Цагдаагийн ерөнхий газраас шударга бус үйлдэл, сахилга, ёс зүйн зөрчилтэй эвлэрэхгүй. Цагдаагийн ерөнхий газраас ямар нэгэн байдлаар тус компанид шахалт дарамт үзүүлэх асуудал байхгүй” гэдгийг яриандаа онцлон хэлсэн юм.
“Бавгар ХХК 2015.09.04-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан аж. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон юм байна.