УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УЕП-ын газраас хоёр хэрэгт буруутгаад байгаа. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор П.Жаргалсайхан УИХ-д өчигдөр хүргүүлсэн, мөн ойрын хугацаанд хүргүүлэхээр бэлдэж байгаа гэсэн зөрүүтэй мэдээллүүд байна. Ямартай ч УЕП-оос Их хуралд санал бэлдээд байгаа бололтой.
Түүнийг талийгаач Г.Батхүүгийн талаар өгсөн мэдүүлэг нь зөрсөн гэсэн үндэслэлээр буруутгаж буй. Н.Номтойбаяр энэ талаар "Гурван удаа гэрчээр байцаалт өгсөн. Гэтэл гэрчийн мэдүүлэг гурван удаа өгөхөд хоёр удаад нь худал мэдүүлсэн гэж буруутгаад байгааг хүлээн авах боломжгүй" гэж хариулсан байдаг.
Мөн, түүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөг олгоно гэж заасныг зөрчин 3.9 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүдэд олгосон гэж буруутгаад байгаа. Н.Номтойбаяр энэ талаар "Тухайн үед Засгийн газар тогтоол гаргаад "орон нутгийн шинж чанартай төслүүдэд 200 хүртэлх сая төгрөг олгож болно" гэж баталсан. Энийг АТГ-ынхан огтхон ч судалж, авч үзэлгүй, буруу хууль, буруу зүйл заалтыг үндэслэн намайг буруутгаж байна" хэмээн хариулсан байдаг билээ.
Хэрэв УЕП-оос санал ирвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо юун түрүүнд хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийднэ. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, УИХ-аар түдгэлзүүлэх саналыг хэлэлцэх юм.