Энэ цагийн хөлбөмбөгийн ертөнцийг тэргүүлж буй Ливерпүүл клубын ялгуулсан амжилт үргэлжлэхийн сацуу тоглогчид нь ч гэсэн шилдгээр нэрлэгдэж байна.
Тухайлбал тус багийн Александр Арнолд болон Андрью Робертсон нар Премьер лигт гоолын дамжуулалтаараа тэргүүлж байгаа бол хаалгач Алиссон Бразил тоглогчдоос Европын тавцан дахь шилдэг тоглогчид олгодог "Алтан Самба" шагналыг гардан авсан. Харин Африк тивийн 2019 оны шилдэг тоглогчоор С.Мане шалгарлаа. Мөн багийн супер тоглогч болох М.Салах дэд байранд орсон байна.
Өдгөө 27 настай Сенегал тоглогч С.Мане Ливерпүүл клубын хамт 2018-2019 оны аваргуудын лигт түрүүлж, хэдхэн хоногийн өмнө Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, бүх тэмцээний хүрээнд 30 гоол оруулаад байна. Садио Мане уг шагналд ямагт нэр дэвшиж байсан ч өнгөрсөн хоёр жил дараалан дэд байранд орж байлаа.