Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өнгөрөгч Баасан гараг/2019.12.20/-т эцэслэн баталсан. Уг хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг сонгуулд нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулсан юм. Гэвч энэ заалт нь хүний "Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна" гэж УИХ-ын зарим гишүүн, улс төрд суудалгүй зарим намууд үзэж байгаа юм.
Мөн сонгууль явуулах тогтолцоог томсгосон мажортар болгосноор гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй болсон. Энэхүү заалтыг МАХН-ын зүгээс эсэргүүцэн, Сонгуулийн хуульд хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн тухай хуульд хориг тавихгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Учир нь "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэсэн юм.