Хоёр, гурав хоногийн өмнөөс иргэд шахмал түлшний "эрэлд мордох" болжээ. Их наран, Баянзүрх хавийн оршин суугчид шахмал түлш олдохгүй байгаа тухай маш олон сэтгэгдэл цахим хуудастаа бичсэн талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу бид “Таван толгой түлш” ХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняагаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Борлуулалтын 395 цэгт хүргэж байгаа. Зарим нэг борлуулалтын цэгүүдээс авлага ихтэй учир нийлүүлэлтийг хязгаарлаж, зогсоосон.
Манай 70119400 гэсэн дугаарт 6 шуудай түлш хүрэлцэхгүй байна гэх гомдол ирж байгаа. Үүнийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас шийдэн 16-100 хүртэлх квт халаалттай айл өрх, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээгээр сайжруулсан түлш олгохоор болсон. Нам даралтын зуухтай айл өрхүүд Захирагчийн ажлын албаны нэрсэнд орсон бол манай "Таван толгой түлш" ХК-ийн үйлдвэрээс ирж сайжруулсан түлш авах боломжтой.
-Зарим иргэдийн зүгээс сайжруулсан түлш ирсэн ч хэдхэн цагийн дотор дууссан гэх хариуг борлуулалтын цэгүүд хэлээд байна гэсэн?
-Зарим нэг борлуулагч нар их хэмжээгээр сайжруулсан түлш зарсан тохиолдол илэрсэн. Иймд зарим нэг газруудад сайжруулсан түлшний хүрэлцээ хүрэхгүй байх тохиолдол гарсан.
-Иргэдийн зүгээс 6 шуудайгаас дээш сайжруулсан түлш борлуулахгүй байгаад бухимдалтай байна?
-Манай компани дээрээс өгсөн чиг үүргийн дагуу 6 шуудайг нэг айл өрхөд өгөх ёстой гэсэн шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Гэрт амьдардаг айл өрхүүдэд долоо хоногт 6 шуудай нүүрс хүрэлцээтэй байгаа бол нам даралтын зуухтай байшинтай айл өрхүүдэд тэр болгон хүрэлцэхгүй байгааг ойлгож байна. Болохгүй, бүтэхгүй асуудал байгаа ч бид 24 цагаар тасралтгүй ажиллаж Улаанбаатар хотын хэрэгцээг хангахаар ажиллаж байна гэдгийг иргэд маань ойлгоосой.