АНУ-ын иргэдийн 80 хувь нь шүүхийн байгуулагадаа итгэдэг бол манай улсын иргэдийн 60 хүрэхгүй хувь шүүхийн байгууллагад итгэж байна. Энэ мэт жишиг манай улсын хууль хяналтын байгууллагад иргэдийн итгэх итгэл ямар байгааг харуулж буй хэрэг юм.
Хуулийн байгууллагууд өнөөдөр шударга ажиллаж байна уу, үүнд иргэд хэр итгэлтэй хандаж, олон нийтийн итгэлийг хэрхэн хүлээж ажиллах талаар хууль хяналтын есөн байгууллагын төлөөлөл хэлэлцэж, санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /Энд дарж шууд нэвтрүүлгийг хүлээн авна уу/ “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгуулсан юм.
Уг зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Авлигатай тэмцэхэд хууль сахиулах, шүүхийн байгууллагуудын нэгдсэн бүх талын оролцоог хангахаас гадна олон нийтийн итгэлийг олж авах нь чухал байгаа юм. Олон нийтийн зүгээс авлигын хэрэгт холбогдсон этгүүдэд давуу эрх олгож, хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаа нь хэрэг шийдвэрлэхэд нөлөөлж, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл буурч байгаа тул иргэдийн итгэлийг олж авах нь чухал байгааг онцлов.
Түүнчлэн авлигын эсрэг үйл ажиллагаа явуулахад хууль хяналтын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг сонгон хэлэлцсэнээрээ онцлогтой байв. Сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа талаар ярьж, бичих нь ихэссэн.
Иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад хариуцлага тооцохыг шаардах боллоо. Нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо.
Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор АТГ-аас уг зөвлөгөөнийг зохион байгууллаа хэмээн АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нээлтийн үеэр дурдсан юм.
-Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг.
2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1750 албан тушаалтныг шалгахад дандаа улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс. Эндээс хүнээс хамааралтай нөхцөл байдлаас үүдэн авлига буурахгүй байна.
Дэлхий нийтээр авлигатай тэмцээд авлигын хөрөнгийг буцаан авах асуудал нэн тэргүүнд яригдаж байна. Монгол Улсын хувьд дээрх асуудалд тодорхой амжилт гаргаагүй учраас дэлхий нийт биднийг буруушааж ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д бүртгэгдлээ. Эндээс бид гарахын тул эрх зүйн орчноо боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна гэж хэллээ.
-Авлигатай тэмцэхэд авлигачдыг шийтгэх нь гол асуудал мөн боловч гэмт хэрэг үйлдсэн этгээд шийтгүүлээд цаана нь олон хүмүүс хохирч байна. Авлигын гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгосноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чухал хөшүүрэг болох юм. Олон нийтийн анхаарал татсан хэргийг хуульд заасны дагуу тал бүрээс нь шалгаж, шуурхай шалгуулахын тулд зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилон ажиллуулж эхэлснийг Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТХ-ийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батнасан илтгэлийнхээ үеэр онцолж байв.
Шүүхэд зохих хэмжээгээр авлигал байна гэдгийг авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргүүд харуулж байгаа юм. Шүүхийн ёс зүйн хороо он гарсаар 200 гаруй гомдол мэдээлэл хүлээн авсан байдаг. Өнөөдрийн байдлаар 14 шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэсэн бөгөөд хоёр шүүгчийн цалинг бууруулж, нэг шүүгчид сануулга өгчээ.
Олон нийтэд ил болсон томоохон хэргүүдийг шүүхийн байгууллага хэрхэн шийдэхээс хамаараад иргэдийн хувьд шүүхэд итгэх итгэл өсөж, буурдаг байна.
Тухайлбал, нэг шүүгчдэд жилийн дотор 2 дээш удаагаар гомдол гаргаж байгаа нь шүүхэд итгэх итгэлийг бууруулж байгаа хэрэг юм. Нөгөө талаар шударгаар хэргээ шийдүүлсэн иргэдийн хувьд шүүхэд итгэх итгэл өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс харахад олон нийтийн зүгээс шүүх хяналтын байгууллага чирэгдэлгүй, хуулийн дагуу хэргийг шийдсэн тохиолдолд шүүхийн байгууллагад итгэх итгэл өсдөг байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн нөлөөллийг ашиглан өөрсдийн ажлаа сурталчлан, урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж буйгаа дурдсан юм.
“Сүүлийн хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хандах хандлагыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 18 аян, арга хэмжээг зохион явуулсан. Нөлөөллийн арга хэмжээг богино хугацаанд үр дүн үзүүлэх нэг удаагийн арга хэмжээнээс илүү тогтмол хөгжүүлж урт хугацаандаа үр дүнгээ үзүүлэх брэнд арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулах нь илүү үр дүнтэй байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир онцлон хэлсэн юм.
Хууль хяналтын байгууллагад иргэдийн оролцоо гэхээсээ илүү иргэний нийгмийн байгууллагын оролцоо буюу хуульчдын холбоо, эмч, багш нарын холбоо гэсэн тодорхой институц нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байв.
Урьд өмнө нь хуулийн байгууллагуудын төлөөлөл нэг дор хуран цуглаж өөрсдийнх нь үйл ажиллагаа ба шударга байдалд иргэд, олон нийт хэр зэрэг итгэлтэй байдаг талаар ярилцаж байсан удаагүй. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөн нь анхных бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид тодотголоо.