СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-18

МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ-2

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүнийг УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцжээ. Тэр хурал дээр МАН-ын гишүүд юу гэж ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны эхний хэсгийг энд дарж үзнэ үү

Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь “…Юуны түрүүнд бүлгийнхээ, журмынхаа нөхдөөс уучлалт хүсмээр байна. Яагаад вэ гэхээр миний ч хувьд бас нэр бүхий гишүүдийн хамтаар ЖДҮ гэдэг юмтай холбогдчихоод явж байгаа. Сүүлдээ хүний нүүр харахын эцэсгүй болчихоод байна. Хүнтэй уулзалдаж, тааралдахаар духан дээрээ гурван үсэг бичсэн юм шиг байж байна. Ар гэрт ч гэсэн маш ихээр нөлөөлөөд байна. Ядаж байхад шинэ гишүүн болохоор үнэнээ хэлчих юм. Баахан микрофонтой улсуудаас зугтааж барьж чадахгүй юм. Микрофонтой баахан сэтгүүлч бүччихээр байдаг үнэнээ, бас буруу тайлбар хэлчихээд байх юм. Тэр болгондоо үнэхээр та бүхнээсээ уучлалт гуйя. Намын дарга, Ерөнхий сайд өнөөдөр чуулган дээр хүртэл хэлж байна лээ. Түрүүний бүлэг дээр ч гэсэн хэлсэн. Яг тэр дагуу эхний нэг, хоёр, гурван гишүүн өрөө барагдуулсан. Ямар ч байсан Энхбаяр, Учрал, миний бие гэх мэтээр бушуухан зээлнээсээ салсан. Хэдийгээр хэцүү ч гэсэн нийгмээс, сонгогчдоос уучлалт гуйж, ёс зүйн алдаа боллоо гэдгийгээ хэллээ. Намын нэрээр суудал авчирсан гишүүдээ ингэж зохион байгуулалттайгаар бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр балбуулаад байгаа нь миний хувьд аягүй эмзэг тусч байна. Намын хэвлэл мэдээлэл хаана байна вэ, эсвэл Засгийн газрын хэвлэл мэдээлэл хаана байна вэ, энэ бүлгийн хэвлэл мэдээлэл хаана байна вэ. Бид нарыг өмөөрдөг, хамгаалдаг улсууд байна уу” гэв?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “…Юуны өмнө үүнд холбогдож, УИХ-ын, намынхаа, нөхдийнхөө нэр хүндийг асуудалд оруулж байгаад уучлалт гуйж байна. Би удахгүй чуулган дээр олон түмнээс уучлалт гуйя гэж бодож байгаа. Зээл нь шалгуур ихтэй юм байна лээ. Энэ зээлийг хууль зөрчөөгүй гэж бодож байна. Тэгээд шалгуур өндөртэй, барьцаа их тавьдаг, хоёр жил, хоёр сайдаар юм гаргаж байж зээлд хамрагдсан юм. Зарим хүн банк бус руу хийсэн гээд сонин хэвлэлээр манийг бичиж байгаа. Шалгадаг газар нь шалгана биз. Арилжааны зээл авч өгье, арилжааны зээл рүү шилжье гээд явж байгаа. Ирэх долоо хоногоос бүтчих байх. Тэгвэл “…Ард түмнээсээ уучлалт гуй” гэсэн намын бүлгийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байгаа” гэжээ.

Түүний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “…Одоо бид 64-үүлээ ЖДҮ-чин болсон шүү дээ, хүссэн хүсээгүй. Үүнээс хэн ч нэр цэвэр гарахгүй. 64-үүлээ хариуцлага хүлээнэ.

Дараа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “…Оруулж ирж байгаа бичгийг харж байхад энэ туршилт байх шиг харагдсан шүү. Үүний араас олон хүний юм орж ирж магадгүй. Би Эрүүгийн хуулийг айхтар хэрэглэж явсан туршлага муутай. Гэхдээ бас нэг ерөнхий ханыг нь хараад байна. Нямдорж сайд зэрэг хүмүүс үзнэ биз. Яллагдагчаар татсан зүйл ангийг харж байхад маш олноороо орж ирэхээр байна. Бичиг өгсөн гишүүд, зээл авсан гишүүд улс төрд нөлөө бүхий этгээд энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн, хатгагч гээд хамрагдаад ороод ирэх юм байна лээ. Хатгагч бол үйлдсэн хүнээс багагүй ял авна. Эрүүгийн хуулийн нэг, гуравдугаар зүйл дээр байна уу даа, төсөвт захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаггүй хүнд хамаарах зүйл ангиар Батзориг сайдыг яллагдагчаар татсан тогтоол гарсан юм байна. Цаашаа бүгд хамрагдаад явах юм руу гүйж байгаа юм байна. Ерөнхийлөгч чуулган дээр “..Их олон гишүүний асуудал орж ирнэ, оруулж ирнэ гэх юм байна лээ” гэж хэлж байна лээ. Тэр нь ор үндэсгүй юм биш байна гэж харж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “…Нэг нөхрийн маань асуудал яригдаж байна. Гишүүд минь бүгдээрээ “…Батзориг гишүүн ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг дээр санал нэг байгаа. Би ч санал нэг байна. Батзориг гишүүний холбогдож байгаа асуудалд гишүүд маань, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдоод явж байна. Хувиа бодож энэ үйлдлүүд дээр оролцоогүй гэдгийг бид бүгдээрээ эрх биш харж байгаа байх. Тэгэхээр чөлөөлсөн ч, чөлөөлөөгүй ч дараагийн цохилт бидэн дээр, УИХ дээр ирдгээрээ ирнэ. Нам дээр ч ирнэ. Улс төрийн цохилтууд ирнэ” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт “…Өнөөдөр яах вэ, Батзориг сайдын тухай ярьж байгаа асуудал дээр Засгийн газрын гишүүнээс огцруулаад улс төрийн хариуцлага тооцчихлоо. Нэг хэрэг дээр хоёр дахин хоёр хариуцлага тооцдоггүй ээ. Тийм болохоор маргааш Батзориг сайдыг бид нар аваад үлдэх нь зөв байх аа. Энд жудаг, ноён нуруу, хүн чанар гэж байх ёстой. Яах аргагүй салбартаа сайн ажиллаж байсан. Санамсаргүй алдаа гаргасан. Тэр алдаа гарахад нь бид нар бүгдээрээ оролцсон. Тийм болохоор энэ талаас нь бид нар харах ёстой байх” гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…Би Жавхлан гишүүнтэй санал нэг байна. Энэ 64 кноп гэдэг энэ их том эрх мэдэл. Ер нь парламент ч, Засгийн газар ч засагладаггүй юм биш үү гэж сүүлийн үед бодоод байгаа юм. Монгол Улсыг хууль хяналтын байгууллага засагладаг болсон юм биш үү. Тэгээд тэнд тийм юм яриад зогсож байна лээ, тэр хүн тэгсэн гэнэ лээ, хүний ийм мессеж байна, тэр хүн ингэсэн гэнэ лээ гээд хооронд нь баахан муудалцуулчихсан. Нөгөөдөхөд нь манай төрийн өндөрлөгүүд болохоор нүдтэй, чихтэй гэж байгаад итгэчихдэг. Тэгээд нөгөөдүүл нь хоорондоо уулзаад “…За нөгөө хоёрыг чинь муудалцуулчихсан шүү” гэдэг. Төрийн тэргүүнүүд ийм тоглолтод 27 жил орж явсан юм биш үү гэж би сүүлийн үед бодож байгаа. Үнэхээр тэр прокурортой холбоотой, шүүхтэй холбоотой бүх л юм хууль шүү дээ. Энэ салбарын хуулиа хуульчид маань бүгдээрээ яриад явбал зүгээр юм биш үү. Гэхдээ 27 жилд ийм нөхцөл байдал үүссэн юм байна. Үүнээс бид нар яаж тогтолцооны хувьд гарах вэ гэдгээ ярих цаг болсон юм биш үү” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “…Одоо сүүлдээ бүр онигоо юм шиг яриад яваад байна шүү дээ. ЖДҮХС-гаас авсан зээлээр 950 сая төгрөөр малын аж ахуйг ч байгуулж болдог, хүлэмжийн аж ахуй ч байгуулж болдог, ногооны үйлдвэр ч байгуулж болдог, оёдлын үйлдвэр ч байгуулж болно. Өөр ямар ч үйлдвэрийг 950 сая төгрөгөөр байгуулж болох юм байна. Бүх хүн жигдхэн 950 сая төгрөг шүү” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх тухай асуудлаар гишүүдийн байр суурь тун тодорхой байна. Энэ ойлгомжтой асуудал. Бүлгийн эв нэгдэл, бүлгийн гишүүд нээлттэй ярилцах ёстой, хугацаагаар хэмжиж, хясаж байна гэдэг асуудал яригддаг. Гэхдээ бүлгийн дотоод журмаа барьж цаашдаа явна. Ний нуугүй ярилцъя гэвэл үүнээс өөр газар ярилцана аа. Энд суучихаад нэг хүн дэвэн дэлхийн юм 10, 20 минут яриад байх юм бол 60 гаруй хүн хонон өнжин эндээ суух болно. Та нар өөрсдөө мэдэж байгаа. Бүгдээрээ тохироод ингээд юмаа яръя гэвэл байж болно. Сүүлийн үед заримдаа үнэхээр тэсэхээргүй юмнууд их гарч байна. “…Бүлгийн даргын хувьд байр сууриа илэрхийл, ярь, хэвлэл мэдээлэлд ханд” гэдэг. Энэ бүхнийг би “…Буруу байна” гээд орилоод байх хэцүү. “…Манайхны зөв шүү дээ” гээд магтаад байж болдоггүй. “…Хэвлэл мэдээллийнхнийг аваачаад ажилла, үүнийг та нар эерэг талаас нь PR-д” гэж хэлэх гэхээр 950 сая төгрөгийг чинь эерэг талаас нь яаж PR-дах юм бэ. Их л бодоход “…Төслөөрөө зөв авчихъя” гэж ярихаас биш өөрөөр ямар ч арга байхгүй шүү дээ. Ийм хүнд байдалд байдаг. Тэгээд бүлгийн хурал дээр янз бүрийн юм болдог. Ер нь бол бүлгийн гишүүддээ нэг юм хэлэхэд бол энэ ЖДҮ-гийн зээл янз бүрийн юмыг яригдаж байх үед ярьж байсан шүү. 2011-2012 оны дараагаар ЖДҮ-гийн асуудлаар аймгийн баахан дарга нар янз бүрийн юмнууд хэрэг төвөгт орооцолдоод байсан. “…Энэ чинь болохгүй шүү, банкаар дамжих ёстой” гэдэг асуудлыг бид нар ярьж байсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин давтаад байна гэдэг бол болохгүй асуудал. Эргэж сөхөгдөөд яваад байх юм. Бид нар өмнө нь гаргаж байсан алдааг давтсан байгаа. Энэ чинь бид нар хэд олонхдоо ташуурч байна. Зарим юман дээр “…Бид нар чадна, бид мэдэж байна” гэж эрдэж байна. Нэг хэсэг сагсалзаж байсан үе байсан. Манай бүлэг дотор иймэрхүү хандлагууд байсан. Ер нь “…Мөнгө мөртэй” гэдгийг бодож цааш цаашдаа ажил хийж байхгүй бол болохгүй шүү. Мөнгө мөртэй байдаг. Заавал мөрөө үлдээдэг. Тийм учраас мөнгөтэй холбогдсон юман дээр, ялангуяа тендертэй холбогдсон асуудал дээр би дахиад анхааруулъя. Очоод аймаг орон нутагт тендер зарладаг. Тэр компани орох ёстой гэж ярьдаг, хэлдэг хүмүүс бий шүү. Тэгж ерөөсөө болохгүй. Тэр аймаг орон нутгийнхаа удирдлагуудыг дуугүй хая. Хяналтаа тавь, араас нь оч. Ийм ажлыг авах ёстой болохоос биш “…Хаянгийн компани авсан уу, Доржийн компани авсан уу гэдгийг асуух ёсгүй юм. Тэгж хяналт тавьж чадах юм бол бид нар аймаг орон нутгийнхныг хариуцлагажуулж чадна. Ингэж ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлэх чиглэл дээр бид нар анхаарах ёстой. Ийм зүйлийг хэлмээр байна. Тэгээд өнөөдөр нэгэнт орой боллоо. Одоо хэдүүлээ нууц гээд яах вэ. Ерөнхий сайдад санал байвал хэл. Байхгүй бол илээр саналаа хураагаад ингээд асуудлаа шийдчихье гэсэн бодол байна” гэв.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “…Би үгнийхээ эхэнд хэлчихсэн. Одоо би хатуу байна. Хэн нэгэн УИХ-ын гишүүн ч юм уу, бүлгийнхээ даргын шүүмжлэлийг хүлээж авна. Дагаж гүйхгүй ээ. Надад намын Их хурал эрх олгосон юм. Би тэр эрхээ эдэлнэ. Энэ Их Хуралтай хариуцлага тооцох, эсэх тухай асуудлыг би ч нэг их ярихгүй байгаа. Уг нь ярих субъект нь шүү.

Намын даргын хувьд, намын гишүүдийн чинь хувьд ярьж байгаа. Намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдийн тухай асуудал би ярьж байгаа юм. Тэрнээс биш УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд би огт халдаагүй. Би гурван удаа УИХ-д сонгогдсон юм. 1990 оноос хойш энэ намын гал тогоонд амьдарсан.

Жагсаал цуглаан, зовлон зүдгүүр бүх юмыг нуруун дэрээ үүэлцэж явсан хүний нэг. Улс төрийг доторлодоггүй юмаа бас гадарлана. Юу болох гээд байгааг бага сага мэднэ. Би намаа аврах тухай асуудлыг ярьж байгаа. Тэрнээс биш албан тушаалтны ажил дээрээ оршин тогтнох тухай асуудлыг ярихгүй байгаа шүү.

Тийм учраас энэ Их Хуралтай Ардын намын жирийн гишүүд, олон түмэн “…Хариуцлага тооцно” гэдэг асуудал яривал би тэр талд зогсоно шүү. Ний нуугүй хэлчихье. Энэ УИХ биеэ яаж авч явахаа та бүхэн маань өөрсдөө мэдээрэй. Бид нар эрх мэдэлтэй хаан ч биш, заан ч биш. Бүгдээрээ намын олон түмэн, ард түмнээс сонгогдсон, олон түмний дэмжлэгээр гарч ирсэн ийм хүмүүс. Тэрийг хэлчихье.

60 тэрбумаар баахан балбууллаа. Концессоор баахан балбууллаа, ЖДҮ-гээр баахан балбууллаа. Одоо бас нэг юугаар балбуулахыг би мэдэхгүй байна. Тэгэхээр ингэж хэсэг хүний өмнөөс Ардын намын 200 мянган гишүүнийг балбуулах хүсэл надад байхгүй шүү. Яагаад гэвэл би тэр хүмүүсийг төлөөлдөг. Намын дарга гадаад, дотоодод намаа бүрэн эрхтэй төлөөлдөг гээд намын дүрмэн дээр бичсэн байгаа. Надаас өөр хэн ч энэ намыг төлөөлөхгүй.

Энэ өдрийг битгий мартаарай. Өнөөдөр их сонин, түүхэн өдөр шүү. Би хэллээ. Би энэ Намын дарга байгаа хугацаандаа өнөөдрөөс эхлээд хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ ээ. Засгийн газрын гишүүдийг хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаарай. Батзоригийг шахаж байгаад ямар байдалд оруулсаныг бид нар хараад сууж байна.

Засгийн газрын гишүүд хууль бус зүйл битгий хийгээрэй гэж би олон хэлж байгаа. Ямар ч найз нь байсан, ямар ч УИХ-ын гишүүн байсан “…Үгүй” гэж хэлж бай. Тийм учраас үүнийг та бид нар бүгдээрээ дор дороо бодъё. Нөхдийгөө битгий хууль бус юм хийлгэх гэж шах. Хууль бус юм битгий шахаж, шаард. Битгий дарамтал. Зарим нэг хүмүүс намыг, Засгийн газрыг огцруулах тухай асуудал ярьж айлгах гэж байх шиг байгаа юм. Тэрнээс хэзээ ч айхгүй ээ. Засгийн газар огцорч л байдаг юм. Байгуулагдаж байдаг юм. Зөндөө л юм үзсэн.

Би Намын даргын эрхээ эдэлж зохих газарт нь УИХ, бүлгийн тухай асуудлыг ярина. Энэ надад олдсон эрх мэдэл. Үүнийг хэрэгжүүлнэ гэдгээ би албан ёсоор өнөөдөр энд дахин хэлье. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Алдаа, оноотой юм ярьсан бол намайг уучлаарай. Засч, залруулах зүйл байгаа бол миний өрөөнд ороод “…Намын дарга аа, та үүн дээр алдлаа, тэгж байна, ингэж байна” гээд надад хэлж байгаарай. Нэг их олны өмнө битгий загнаад байгаарай. Энэ намд нэг л дарга байгаа шүү. Энэ намын даргын нэр хүнд бүгдтэй нь холбоотой байдгийг та бүхэн маань бүгдээрээ дотроо мэдэрч байгаа. Үүнийг хэлье” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Тэгэхээр Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураачихъя, тэгэх үү. За гараа өргөцгөөчих. Бүлгийн 100 хувийн саналаар Батзоригийг үлдээхээр боллоо. “…Түдгэлзүүлэхгүй” гэдэг санал хураагдлаа. Одоо хэвлэлийнхэн орж ирээд, хэвлэлийн хурал хийнэ. Тэгэхээр би Раднаасэд гишүүнийг надтай байж байгаад хуулийнхаа юмыг тайлбарлаач. Би хууль талаас нь үнэндээ тайлбарлаж чадахгүй. Хууль талаас нь зөв тайлбарлах хүн хэрэгтэй байна шүү. Тэгээд Раднаасэд гишүүний ярьсан хэвлэлийн тайлбарыг хараад, бид нар яг тийм маягаар ярьж баймаар байна. Та нар үүнийг сонсчих. Дараа нь гараад буруу зөрүү юм яриад байвал хэцүү шүү” гэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Санал хураасан, ингэж шийдсэн гээд мэдээллээд эхэлбэл чинь Халдашгүй хороо гээд УИХ-ын асуудал болоод явчихна шүү. Асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргасан гээд, тэгээд Халдашгүй хороо нь хуралдаад, тэгээд цаашаа явмаар байх юм. Тийм биз. Тэгэхгүй бол УИХ Халдашгүй хороо чинь зовлонтой байдалд орно шүү. Ер нь ярьсан, зохих шийдвэр гарсан, жич мэдэгдэнэ гэдэг ч юм уу, яадаг ч юм, тэгээд хэлчих” гэв.

Ингэхэд нь Д.ХаянхярвааХалдашгүй байдал, хууль зүй хуралдана. Маргааш 11:00 цагаас өмнө шийднэ шүү” гээд энэхүү хуралдаан дууссан байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.