СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-18

МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ-1

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын 40 гаруй гишүүн холбогдсон байгаа “ЖДҮ-гийн хэрэг”-ийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын тус яамны хэдэн дарга болж байх шиг байгаа юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис шүүхээр хавтаст хэрэгтэй танилцаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүнийг УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.

Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцжээ. Тэр хурал дээр МАН-ын гишүүд юу гэж ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ

Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулаад “…Энэ хуулийн хугацаатай. 48 цагийн дотор шийдэх ёстой. Ингээд маргаашийн 12:00 цаг гэхэд энэ асуудлыг хэлэлцсэн байх учиртай. Тиймээс өнөөдөр бүлгээр хэлэлцэж шийдвэрээ гаргая” гэв.

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд прокурорын бичгийг танилцуулж “…Би өчигдөр энэ бичгийг бол ирсний дараа Намын даргад танилцуулсан. Бас зарим дарга нар ярилцаад, ямар ч байсан Засгийн газраас, сайдаас чөлөөлүүлэх энэ асуудлыг өнөөдөр шийдье гэж тохирсон. Одоо бүлгийн хурлын дараа Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад маргааш өглөө 9:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулаад, энэ асуудлыг хуульд заасан хугацаанд нь багтаан шийдвэрлэе гээд холбогдох хүмүүс бэлтгэлээ хангаж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хамгийн түрүүнд үг хэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байв. Тэрээр “…Энэ их амаргүй асуудал. Бид 65 дотроосоо нэгийгээ явуулсан. Одоо 64 дотроосоо дахиад нэгийгээ явуулах уу, үгүй юу гэдэг асуудал ярих гэж байна. Хэцүү асуудал шүү дээ. Намын Удирдах зөвлөлийг хуралдуулах ёстой гэж би бодож байна.

Сүүлийн нэг жилийн дотор Намын Удирдах зөвлөл хоёр, гуравхан удаа хуралдлаа. Содбаатар сайдыг томилоход хуралдлаа. Халтар дэд сайдыг томилоход нэг хуралдлаа. Бусад бүх аймгийн дарга нарыг, Нийслэлийн намын хорооны даргыг шийдэхэд нэг хуралдсан. Бүгдийг нь мессэжээр, е-майлээр авч байгаа шүү дээ. Энэ зарчмыг бид хэзээ болих юм. Тийм учраас би дүрэм журмынхаа дагуу, зарчмынхаа дагуу явъя гэсэн зарчмын бөгөөд горимын саналыг гаргаж байна гэв.

Дараа нь Бүлгийн дарга Д.Хаянхярваа санал хэлэх гишүүдийн нэрсийг авсан байна. Ингээд гишүүд дараалан байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “…Бид нэгийгээ явуулах тухай ярихаас өмнө Намын дарга, Ерөнхий сайд ямар байр суурьтай байгааг сонсмоор байна. 2016 онд бид нар УИХ-ын сонгуульд баахан хариуцлага яриад гарч ирсэн. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк өчнөөн олон зуун тэрбумаар нь зувчуулаад бүр алга болгоод, хулгайлаад идчихсэн юмыг хариуцлага тооцуулна гэж гарч ирээд, нэг ч хүнтэй хариуцлага тооцоогүй. Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор байгаад өнөөг хүрлээ шүү дээ. Ямар нь ингэж болоод, ямар нь ном журмаараа ажлаа хийж явж байгаад, ийм байдалд ордог юм бэ. Тэгээд ч ганцхан Батзориг гэдэг хүний асуудал биш. Үнэхээр түүндээ тулаад Батзориг гишүүний бүрэн эрх нь түдгэлзэхдээ тулаад явах юм бол энэ Засгийн газрын асуудлын эхлэл болно шүү.

Дараа нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…ЖДҮ-гийн зээлийн асуудлаар нийгэмд жинхэнэ давалгаа үүсчихээд байна л даа. Үүнийг би зөв гэж байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд ийм олон гишүүдээс гадна төрийн алба хашдаг томчууд, прокурор, цагдаагийнхнаас авахуулаад ийм хүмүүс ЖДҮ-гээс зээл авсныг сонсоод гайхаж байна. Тэгэхдээ энэ ганцхан энэ жил биш. Урьд өмнө хоёр, гурван жилийн өмнө ч гэсэн яг л ингэж авч байсан. Энэ болгоныг гаргах хэрэгтэй. Үүн дээр сөрөг хүчин, Ерөнхийлөгч хүртэл алгаа үрээд, алга ташаад ёстой шархан дээр нь давс үрнэ гэгч болж байх шиг байна. Өнөөдөр Ерөнхий сайд маань индэр дээрээс “…Уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийг сонгуульд дэвшүүлэхгүй шүү” гэж хэллээ. Одоо уучлалтыг ээлж ээлжээр, нэг нэгээрээ уучлалт гуйх юм уу. Эсвэл нийлж байгаад гуйх юм уу. Үүнийг бас асуучихъя. Ер нь уучлалт гуйна гэдэг чинь бас л нэг улс төрийн асуудал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болно доо. ЖДҮ-ээс зээл авчихаад зориулалт бусаар банк бус руу явуулчихсан, уул уурхай, худалдаа наймаа руу оруулчихсан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй шүү” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Хувь хүнийхээ хувьд энэ чинь хүн чанарын асуудал шүү дээ. Хүний амьдралын асуудал. Маш хэцүү шүү дээ. Аваад үлдэх юм бол хулгайч нар нийлж байгаад, хулгайчийг хамгааллаа гэдэг ийм PR-ийг чинь бэлдсэн байж байгаа шүү дээ. Тийм юм явуулаад эхэлсэн. Тэгвэл одоо УИХ тарах асуудал тавьсан байгаа. УИХ тар, энэ бүтэхгүй юм байна гээд маргаашнаас эхлээд нийгэм шуугих ийм хоёр үнэхээр их хүнд асуудлын дунд бид нар байна. Үүн дээр улс төрийн шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөс гаргах ёстой. Яг үүн дээр, бас Батзориг сайдын асуудал дээр Намын дарга ямар байр суурьтай байгаа вэ. Ерөнхий нарийн бичгийн дарга ямар байр суурьтай байгаа юм бэ. Үүнийг бид нар сонсохгүйгээр цаашаа явах боломжгүй” гэж байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “…УИХ дээрээ үүрээд гарчихъя гэж байгаа юм байна гэж ойлголоо. 2020 онд бид нар ялахгүй шүү. Хоорондоо муудалцах юм гарна. Жаахан байр суурьтай, тавтиртай байж сур. Үндсэн эрх ашиг дээрээ харин гэрээ шатаачихгүй авч үлдэх хэрэгтэй дээ. Тийм учраас заавал намаараа оруулах гээд хэрэггүй байх. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хувь хүн гэж ойлгож болохгүй. Үнэхээр зайлшгүй нотлогдсон, газар дээрээ нотлогдсон бол өөр хэрэг л дээ. Шалгах хэмжээнд нэгнийгээ, ялангуяа ард түмний төлөөллийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх учир дутагдалтай. Дараа нь яах юм бэ. Одоо нотлогдсонгүй гэх юм уу, юу гэх юм бэ. Аль эсвэл казино шиг янз бүрийн тэлээ, үзэг болоод явчих юм уу. Бидэнд өмнөх туршлага бий. УИХ бол ард түмний төлөө явж байгаа хүн дархлаатай байх ёстой. Үүнийг буруугаар ашигладаг байж болохгүй. Ер нь тэгээд сүүлийн үед ажиглаад байхад төмсөгдөнө гэдэг юмаар бүх юмыг хумих, магадгүй Үндсэн хуулийг тэр чигээр нь явуулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэдэг юм уу, иймэрхүү юмнууд үнэртээд эхэлж байна шүү дээ” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Өнгөрсөн парламентад АН-ын Баярцогтын 10 сая долларын оффшорын асуудал нь гарч ирэхэд УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөөд, улс төрийн хариуцлага тооцлоо гэж явсан. Энэ бодитой жишээ байна шүү дээ. Сая сайдын асуудал буюу улс төрийн хариуцлага хүлээчихлээ. Нэг асуудал дээр дараалан хариуцлага хүлээлгэж болохгүй. Тэгэхээр Батзоригийгоо бид авч үлдэх ёстой. Хэлэлцээд байх шаардлагагүй.

Харин Үнэ тогтворжуулах, Хөгжлийн банк, АСЕМ гээд олон асуудлууд яагаад ингээд чимээгүй болчихов оо. Хоёр жил боллоо. Бямбацогтыг Хууль зүйн сайд байхад би “…Энэ нөхөр ажлаа хийхгүй байна” гэж шүүмжилж байсан. Одоо та бүгдээс асуумаар байна. Энд ямар ч хариуцлагууд яригдахгүй байна. Ор тас хулгайлчихсан, хууран мэхэлчихсэн, ашигласан, завшсан юмнууд хэдэн зуун тэрбумаар байна шүү дээ. Бодитой. Гэтэл зээл гэдэг асуудал дээр шуугиан, цохилт болоод байна. Худлаа хэлж, хулгай хийсэн биш. Барьцаа хөрөнгийг нь тавиад төсөл хөтөлбөрийг нь бичээд авсан ажил шүү дээ. Дээрээс нь хуулийн байгууллага ямар хурдан шуурхай болчихов оо. Цаана нь өөр улс төртэй юм нь мэдрэгдээд байна” гэсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “…Анх ЖДҮХС-гийн асуудал гарч эхэлж байхад би хэлж байсан. “…Ходоод хагаравч тогоон дотроо шүү. Битгий бие биеэ гөвөөд байгаач. Ийм байдлаар асуудалд битгий хандаач. Том эрх ашиг, том бодлого, эв нэгдэл гэдэг юмаа бодооч ээ” гэдгийг хэлж байсан. Энэ 65-ын бүлэг дотроо ойлголцчихмоор байна. Энэ байдал нь УИХ-ын нэр хүнд, УИХ дахь 65-ын бүлэг, цаашлаад МАН-ын нэр хүндийг унагаах гол шалтгаан болчихоод байна.

Бид төрөө мэдэж, мэдэрч хүндэтгэлтэй хандаж явахгүй бол хүн болгон УИХ руу нулимдаг хогийн сав болж байна. Тэгээд УИХ-ын гишүүд нь бие биеэ гөвөөд эхэлдэг. Тэгээд УИХ-аа муухай харагдуулдаг. Батзориг сайдын хувьд асуудалгүй. Сая улс төрийн хариуцлага хүлээсэн” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “…ЖДҮ-гийн зээл гэж өнгөрсөн жил 60 тэрбумыг тавьсан. Өөрөөр хэдэн зуун тэрбумаар нь идэж уусан юмнууд байгаа. Тэр нөхдүүд зэрэгцэж суучихаад хусаад байгаа. Хэдэн их наядаар нь концессын гэрээ зурсан хүмүүс байж байгаа. Тэд нарыг гаргаж яагаад шийдэж болдоггүй юм бэ гэж би бодоод байгаа. Гэтэл бид гөвүүлээд, янз янзаар хэлүүлээд, янз янзаар балбуулаад байдаг. Хууль хяналтын байгууллага ч гэсэн үүнийгээ хумихгүй бол сүүлдээ юу ч болж байгаа юм бүү мэд. Тэгээд ер нь Засгийн газрын сайд хийх хүн цаашдаа олдох юм уу, үгүй юм уу. Ингээд нэг нэгээр нь аваачаад түүгээд, цөмөөд, цаашдаа яах юм бэ. Тийм болохоор Батзориг сайдыг авч үлдэнэ гэдэг дээр авч үлдэх нь зүйтэй.  Яах вэ, намын нэр хүнд гэдэг юм яригдах байх. Тэртэй тэргүй дууссан хэрэг. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудал амаргүй асуудал шүү дээ” гэлээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “…Батзориг сайдын хувьд бүгдээрээ ойлгож байгаа. Би ч гэсэн Ерөнхий сайдын хувьд их харамсаж байна. Уг нь ажлаа их сайн хийж байсан сайд. Гай газар дороос гэдэгтэй адилхан энэ ЖДҮ-гийн асуудал үүслээ. Яасан ийснийг нь би одоо хэлж чадахгүй. Зээл  авчихсан хүмүүсийг хувьдаа ашиглаад, зориулалтын бусаар зарцуулчихсан юм гайгүй болов уу гэж найдаж байгаа. Хамгийн гол нь ёс зүйн алдаа болчихож байгаа юм. Хариуцлагатай албан тушаал хашиж байгаад, хувийнхаа компанид, хувийнхаа нэр дээр, гэр бүлдээ зээл авчихсан. Яах ч аргагүй ёс зүйн алдаа. Олон түмэн ингэж харж байгаа. Сонгогч олон чинь ингэж бодож байна. Бид зөв зүйл гэж бодлоо гэхэд нийгэм үүнийг чинь буруу гэж харж байна. 98 хувь нь буруу гэж байна лээ. Би энэ чиглэлээр судалгаа хийлгэсэн. 98 хувь нь шүү. Хоёр хувь нь “…Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Сүүлийн үед жаахан судалгаанууд хийгээд байгаа. Хэрэг эрхлэх газраас ч хийж байна, судалгааны байгууллагуудаар ч хийлгэж байна. Одоо барин тавин юм ярьсны хооронд барагцаатай ярья гэж бодоод бас шинжлэх ухаанч байя гэсэн үүднээс судалгаа хийгээд, нийгмийн сэтгэл зүйг бас жаахан хараад байгаа. Түүн дээр тийм дүгнэлт хэлж байна лээ шүү.

Би өнөөдөр Намын даргын хувьд үүн дээр байр сууриа илэрхийлсэн. Ер нь би энэ чиглэлээр ерөөсөө дуугараагүй өнөөдрийг хүрсэн. Дуугарах гэхээр юугаа ч ярих билээ. Хуйхаа маажиж “…Бидний зөв” гэж ярилтай нь биш. “..Хөөрхий манай муу ядарсан хэдэн гишүүн та нартай адилхан ядуу зүдүү амьдралтай. Жирийн иргэнээс дутаад байх юу байх вэ. Адилхан амьдралаа залгуулж явж байгаа юм. Тэгээд авсан байна лээ” гэж хэлэлтэй биш. “…Аж ахуй эрхэлж байгаа нь аж ахуйдаа авсан байна лээ” гэж хэлэлтэй биш. Хэлэх үг олдохгүй ийм асуулт, ийм хариулт болж байна. Тийм учраас миний нөхдүүд үүнийг зөвөөр ойлгох ёстой. Ондоо багтааж авсан зээлээ төл. Дээрээс нь уучлалт гуй. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс суртахууны асуудал. Цаашид дэг жаяг тогтоно. Улс төрийн соёл бий болно.

Ер нь манай намаас шалгагдах ёстой хүмүүс байгаа юм байна лээ. Надад бас зарим хууль хяналтын хүмүүс яриад байгаа. Огцом баяжсан, нүүрстэй холбоотой асуудалтай. Би зарим нэгийг нь шалгуулахаас өөр байдал гарцгүй болж байгаа шүү. Намын даргын хувьд үүнийг хэлчихье. Ер нь манайхан болгоомжтой бай гэж би хэлж байгаа шүү дээ. Хууль битгий зөрч. Гишгэсэн газраа эргэж байнга харж явж бай. Хариуцлагатай алба хашиж байна. Олны танил болсон. Жирийн иргэн ийм зээл авсан бол хэн ч, юу ч ярихгүй.

Одоо нийгэм шударга ёсыг хүсээд байгаа. Над руу маш олон хүмүүс мессеж бичиж байгаа. Би өглөө зарим нэг дарга нарт танилцуулж байсан юм. Ард түмэн ядуу зүдүү байна. Амьдрал ахуй нь тарчиг байна. Тэгэхдээ түүнээс илүүтэй шударга ёс, сахилга хариуцлага, дэг журамгүй байгаа байдалд бухимдаж байна. Тэр тусмаа ажил төрөл хийж байгаа хариуцлагатай албан тушаалтнууд ийм асуудалд холбогдоод байгаад дээд зэргээр бухимдаж байгаа.

Одоо би жаахан хатуу байна гэж бодож байгаа шүү. Хайрлах нэгийг нь зөндөө хайрласан. Хамгаалах нэгийг нь хамгаалсан. Одоо ард түмэн цохилт үзүүлж байгаа. Намын олон түмэн ч гэсэн

“…Хүрэлсүх ээ, чиний яриад байсан юм чинь хаана байна. Нөгөө шударга ёс тогтооё гэсэн чинь хаана байна. Хууль дүрэм барьж ажиллана гэсэн хаана байна” гэж байгаа. Одоо би үүнийгээ хэрэгжүүлж эхэлж байгаа шүү. Битгий гомдоорой.

Бид нар их том хавдартай болчихсон юм байна. Улс маань ч том хавдартай болсон байна. Нам маань том хавдартай болчихжээ. Тийм учраас Ерөнхий сайд, Намын дарга өнөөдрөөс эхлээд энэ хавдрыг огтлох тухай асуудлаа ярина. Би үүнийг та бүхэндээ албан ёсоор энэ өдөр хэлчихье. Энэ хавдрын огтолгоонд миний нөхдүүд өртөж гомдохыг үгүйсгэхгүй байх. Би том эрх ашгийн төлөө, ирээдүй хойч үр хүүхдийнхээ төлөө энэ ажлыг хийхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал үүслээ. Үүнийг харин хэлье.

Энэ Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Нямдорж сайд анхааралдаа авч шуурхайлъя. Ийм зүйл байна. Журмын нөхөд өө, баярлалаа” гэв.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Гишүүддээ ганц зүйлийг ахмад хүн, зовлон үзсэн хүний хувьд яг энэ асуудалтай холбогдуулж хэлье гэж бодсон юм. Яах вэ, энд ярилгүй яах вэ. Нам дээр ярилгүй яах вэ. Ийм үед хамгаалж чаддаггүй юмаа гэхэд амаа хамхиад сууж байх ёстой. Цаана нь хүн ёсны асуудал байна. Би олон, олон ийм хэцүү хамгаалах юманд орж байсан хүн шүү. Ядаж АН-ынхны хажууд элдэв юм битгий ярьж байгаач гэж би заримаас нь гуйгаад байгаа. Хараад сууж байхад АН-ынхны хэлэх үгийг нь зааж өгөөд байна шүү дээ. Болиоч дээ. Би олон үг хэлэхгүй ээ. Ахын ёсоор хэлж үзлээ, хүний ёсоор хэлж үзлээ, зэмлэж үзлээ, аашилж үзлээ. Одоо яах вэ. Үүнийг залуучууд битгий мартаарай. Ийм үед хүний жудаг харагддаг юм. Их хэцүү үе ирж байгаа шүү. Зарим хүн дуусчихсан юм шиг заримдаа аашлах юм. Больчихооч дээ. Тэгээд гараад тайлбар хэлэхээр буруу ярьцгаах юм. Мөсгүй үг хэлээд байгаа учраас би яриад байгаа юм. Занданшатар тав дахь өдөр туйлын хариуцлагагүй үг хэлсэн. Тэр гишүүдийн хардалт дээр нэрмээс болсон. Г.Занданшатар энд байсан бол би нүүрэн дээр нь бүр хатуу хэлье гэж бодож байсан юм. Нэг биш удаа ийм том алдаа гаргаж байгаа. Засгийн газрын шалгалтын дүн ингэж гарч байгаа юм гэж ярьдаг. Юу гэж ойлгох юм бэ. Ер нь алдаатай юмнууд хийгээд байгаа учраас ийм асуудлаа яривал дотроо хоорондоо сууж байгаад ярь, бүлэг дээрээ ярь, нам дээрээ ярь. Энэ байнгын хорооны хурлын үеэр, чуулганы үеэр дахиж битгий ийм үг гаргаач гэж хүсэх гэсэн юм. Тэр хэргүүд прокурор, АТГ-ын түвшинд явж байгаа. Жаахан оролдоод асуугаад ирэхээр хэрэг бүртгэх ажиллагаанд хөндлөнгөөс саад болчих гээд байна гээд хэрэг үүсгэчихээд байгаа шүү дээ. Би ч сайд болсноосоо хойш жилийн хугацаанд өөр дээрээ хэдэн ч удаа хэрэг нээлгүүлчихэв дээ. Миний амыг хаах гэж жигтэйхэн юм болж байгаа. Хүүхдүүд рүү, худууд руу, граж руу, орон сууц руу орсон. Янз янзаар үзэж байгаа. Үүнийгээ жичид нь нэг ярьцгаая” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “…Батзориг сайдыг манайх бүлгээрээ авч үлдэнэ гэсэн шийдвэр гаргах байх. Энэ ганц Батзоригийн асуудал биш. Тийм учраас Батзоригийг авч үлдэх байх гэсэн шийдвэр гарна гэж бодож байна. Хэвлэлийн цунамид өртсөн байгаагаа бүгдээрээ яагаад ойлгохгүй сууж байгаа юм бэ. Хэвлэлийн дайнд бүгдээрээ ялагдчихаад сууж байна. Тэр нь, энэ нь гэж яриад яах вэ. Бүгдээрээ ялагдаж байна. Тэгчихээд өнөөдөр бид нар ийм арчаагүй дүгнэлт хийгээд яриад сууж байгаа нь аягүй харамсалтай байна. Үгүй ээ, тэгээд энэ 64 гишүүнийг тавган дээр шарж идчихээд, тэгээд Засгийн газрын гишүүд “…Их Хурал муухай, Их Хурлын гишүүд муухай” гэж яриад сууж байгааг нь хэн зөв гэж хэлэх гээд байгаа юм бэ. Наад асуудлаа ярь л даа та нар. Нямдорж сайд аа, та ярь л даа. Яагаад та шударга ёсны тухай ярихгүй байгаа юм бэ. Би харин хэлж байна. Таныг ийм муухай, дандаа асуудалд бодитой биш байдлаар хандаж байгаа учраас би танд гомдож байна шүү. Яагаад та ийм юманд бодитой биш хандаж байгаа юм бэ” гэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Юу яриад байгаа юм бэ” гэж хариулав.

Тэдний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “…Бидэнд одоо найдах юм их л бага болчихоод байна. Энэ нөхцөлд эвлэлдээд, нэгдээд, хэвлэлийн дайн, улс төрийн тэмцэлдээ нэг удирдлагатай, нэг дуугаар яваад орохгүй бол бүх юм дууслаа. 2020 он ч лөөлөө боллоо. Мянга зам яриад, бариад ч нэмэргүй боллоо. 60 тэрбумаар баалууллаа. Одоо ЖДҮ-гээр баалууллаа. Ингээд 2020 он руу орох юм байна. Тийм учраас том зурагаа ярих хэрэгтэй байна. Батзоригийн асуудлаар Халдашгүй байдлын дэд хорооны саналыг сонсмоор байна. Ний нуугүй хэлэхэд энэ зөв, энэ нь буруу гээд дүгнэлт хийгээд санал өгөхөд би хувьдаа бэлэн биш байна. Нэг нөхрийгөө явуулмааргүй байна. Тэгэхдээ цаад талд нь прокурорын бичиг, нийгмийн бухимдал, сошиалын дайн, сошиалын дайн, тэгээд энэ асуудлын цаана бол явсаар байгаад УИХ-ыг муухай харагдуулах, УИХ-ыг тараах том улс төрийн тэмцэл явж байна шүү дээ” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “…Ямар ч байсан Батзориг сайдынхаа хувьд бид аваад үлдэх ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр өдрийн УИХ дээр Ерөнхий сайд маань шударга байх тал дээр нэлээн ярилаа. Миний хувьд жаахан бухимдалтай байна. Нөгөө ярьсан шударга ёс маань хаана байгаад байна вэ. Намайг энэ хавар ажлаа өгсний ар дээр намын нэр хүндийг авч гарсан, засгийн нэр хүндийг авч гарсан гэсэн. Би ч өөрөө тэгж бодож байсан. Нөхдүүд маань ч тэгж харсан байх. Тэгтэл өнөөдөр шударга ёс маань хаана байгаад байна вэ. Ганцхан Батзориг найзыгаа бид нар гаргаж ирлээ. Цаана нь өөр хүн байхгүй юм уу. Уучлаарай. Содоо хөгшөөн, найз аа. Энэ бол зүгээр зарчмын асуудал шүү. Өнөөдөр Хүрлээ сайд та шударга ёсны асуудлаа гаргаж ирнэ гэчихээд нэг хүн цаана нь үлдчихээр энэ нийгэм чинь дахиад буцалчихаад байна шүү дээ” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “…Цаашдаа их олон удаа бид нар угсарсан шаталсан хүнд юмнуудтай тулгарна. Одоо 2020 он хүртэл ингээд тэсч байдаг юм бол тэр хүртэл энэ байтугай олон юмтай тулгарна. Тэгэхээр яаж гарах юм гэдгийгээ тайван ярилцах хэрэгтэй. Нэг, хоёр, гурван хүний асуудал биш. Бүхэлдээ 2020 оны сонгууль гэсэн үг. Эсвэл сонгуулийн наана бүгдээрээ арчигдах юм шиг надад санагдаж байгаа.  Өнгөрсөн 20 хэдэн жилийн дотор хүнд, хүнд үеүүд байж л байсан. Гэхдээ одоогийнх бол жаахан онцлогтой. Илүү хэцүү. Төрийн тэргүүн нь өөрөө уриалчихсан. Телевизээр ярьсан, чуулган дээр хэлсэн, өлсгөлөн зарлана гэж хэлсэн. Сөрөг хүчин нэгдчихсэн. Иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн. Гудамж нэгдэж байгаа юм шиг байна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Төрийн тэргүүн хүн, тэр муу хэлүүлээд байгаа Элбэгдорж ч гэсэн ийм алхам хийж байгаагүй юм. Онцлог нь ийм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “…Бүлэг энэ асуудлыг эртхэн ярих хэрэгтэй байсан. УИХ-ын гишүүдийн үнэ цэнэ яг л хогийн сав шиг болж байна. Юу ч байхгүй болж байна. УИХ гээд эрх мэдэлтэй, бөөн хулгайч нар энд сууж байгаа юм шиг ойлголт байна. Бид нарын өнөөдөр энд хийж бүтээж байгаа. Гэтэл ямар цалинтай байгаа билээ дээ. УИХ-ын хэвлэл мэдээллийн алба ч юм уу, үүнийг нэг талын PR-аараа эвтэйхэн, зөв ойлголт өгөх хэрэгтэй. Сая бидэнтэй Лондон явсан АН-ынхан “…Танайхан бие биеэ чадах гээд хариу авах гээд байгаа чинь бид нарт бэлэн өгөөш болдог. Бид нар зүгээр сууж байгаад сайхан идэштэй болоод яваад байгаа шүү дээ. 2020 он хүртэл сценараа гаргасангэж байна лээ.

Би олон нийтийн сүлжээг яриад байна. Олон нийтийн сүлжээг дагаж бид хуйлрах биш, харин олон нийтэд хүсээд байгаа шударга ёс, хуулиа баримталдаг байдлыг үзүүлэхийн тулд Намын даргын хэлээд байгаа цэвэрлэгээ хийж байгаа. Хуулийг уландаа гишгэж байгаа, албаны эрх мэдлээ хууль бусаар ашиглаж байгаа хүмүүстэйгээ бид тэмцэж байгаа гэдэг PR яагаад хийж болохгүй гэж. Тэгэх ёстой шүү дээ.

Тэгж байж бид цэвэр байна шүү дээ. Батзориг сайдын хувьд ЖДҮ-гийн зээлээс яг жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан байж таараа даа. Тэр хүмүүсийг ч гэсэн гаргаж “…Ийм хүмүүс бас авсан байна” гэдгийг нь хэлбэл яасан юм. Та үүнийг дэмжээд өгөөч гээд, би лав хувийнхаа юмыг биш харин жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгчдийн юмыг нь дэмжүүлэх гээд энэ салбарын сайдтай нь, жижиг дундых нь даргатай нь яриад явж байсан” гэж хэлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан “…Үүгээр асуудал дуусахгүй болов уу. Хүн болгон мэдэж байгаа. Улам хүндэрнэ. Ийм мэдээлэл бид нар аваад байгаа. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна” гэсэн байна.

Түүний дараа УИХ-ын гишүүн А.Ундраа “…Улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс давуу эрхээ ашиглаад ингэж дээрэлхэж байгаа нь хүмүүсийг маш их бухимдуулж байгаа байх. Манай УИХ-ын гишүүдийн зүгээс, Засгийн газрын гишүүдийн зүгээс ялангуяа өөрийнхөө хамаарал бүхий этгээд дээр зээл авсан бол буцааж өгөөд, уучлалт гуй гэдгийг Ерөнхий сайд, Намын дарга та хэд хэдэн удаа хэлсэн. Үүнтэй би санал нэг байна. Яах вэ, үүн дээр сая манайхан хэлж байна. Бизнесийн давуу талаа ашиглаж авчихаад зориулалтын дагуу ашиглаж байгаа бол нэг янз. Харин банк бус руу ч юм уу хийгээд мөнгө хүүлж байгаа бол бас нэг одоо янз гэж байна. Үүнийг ялгаж салгаж, тодорхой болгоё. Хэрвээ буруу маягаар гүтгэгдэж байгаа бол эртхэн шиг үүн дээр тайлбар юмаа тодорхой өгч явах нь зөв байх.

Бид нар бүгд нэг завин дээр байгаа. Цаашлаад энэ цуваа үргэлжилбэл гэж Содбаатар гишүүн бодож байгаа болов уу. Эр зориг гаргаад бусдыгаа хамгаалахын төлөө, өөрийнхөө ч гэсэн цаашдын улс төрийн карьераа бодолцож үзээсэй гэж Содбаатар гишүүнд журмын нөхрийн хувьд хэлмээр байна” гэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “…Яаж 2020 оны зургадугаар сарыг үзэх вэ. Хийж бүтээх ажилд маш богинохон хугацаа үлдэж байна. Хэрүүл тэмцлийн хувьд маш зүдгүүртэй урт хугацаа туулж чадах юм уу. Наана нь сөхрөөд унацгаах юм уу, мэдэхгүй. Яаж 2020 оны зургадугаар сарыг хүргэх вэ гэхээр ерөөсөө хаяа харагдахгүй байна. Үүнтэй холбогдуулаад гурван том субъектийн асуудал гарч ирээд байна. Нэгдүгээрт, УИХ тэсэх эсэх асуудал. Хоёрт нь, намаа шороотой хутгачихмааргүй байх юм. Гуравт нь, Засгийн газрын тогтвортой байдал гэсэн гурван асуудал дээр ямар гарц гаргалгаа байж болох вэ. Ингээд бодохоор их л зовлонтой болчихоод байгаа юм. 1990-1992 онд АИХ, УБХ хоёр таван жилийн хугацаатай байгуулагдаад АИХ нь УБХ, Засгийн газраа авч хаячих гэж зовоогоод болохоо байсан. Тэгэхэд УБХ дээр нь 20 дугаар тогтоолд 13 гишүүн холбогдчихоод, бас л их хүнд үеийг туулсан. Тэгээд хоёр жил болоод шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэгээд таван жилийнхээ хугацаанаас татгалзаад шинэ УИХ-д эрхээ шилжүүлж байсан. Бүр аргаа барахаар бол гарцаагүй хэдэн өөрчлөлтийг хийхгүй бол бид цөмөөрөө шороотой хутгалдана” гэлээ.

Үргэлжлэл бий...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.