Иргэн Ц.Пүрэвдорж нэг долоо хоногийн өмнө "Цагдаа мафижсаны хохирогч нь би болчихоод байна" хэмээн хэвлэлийн бага хурал хийснийг livetv.mn шууд дамжуулан үзүүлж байсан.
Тэрээр "Өнгөрсөн аравдугаар сард БЗД-ийн цагдаа хошууч Б /цагдаагийн хошууч Г.Баасанжав.Сур/ намайг гэнэт баривчилсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр намайг дарамтлах болсон. Урдаа сөхрүүлж суулгачихаад дарамталдаг. Хүчээр гарын үсэг зуруулах гэж оролддог. Өдөрт гурван удаа цагдаа дээр ир гэж шантаажилдаг. Аргаа бараад БЗД-ийн прокурор дээр ороод над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна уу, шалгаад өгөөч гэхээр хэрэг үүсгээгүй гэсэн хариу өгсөн" хэмээн ярьж байсан билээ.
Иргэний гомдлын дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалгалт явуулахад БЗД-ийн ЦХ-ийн мэдээлэл судалгааны ахлах ажилтан, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон тул цолыг хурааж, ажлаас халжээ.
Тэднийг цагдаагийн ажилтны ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.