Албан тушаалаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас зээл авсан хэрэгт УИХ-ын нэр бүхий 13 гишүүн холбогдсон. Прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Н.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж байсан ч УИХ-ын чуулганаар хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг дангаар нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах санал гарч байсан ч мөн л УИХ хамгаалж үлдсэн. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлжээ.
Түүнтэй хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан нарын хэд хэдэн хүнийг хамтад нь шалгаж байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн Б.Батзоригоос сарын өмнө тодруулж байсан ч тэрээр "ЖДҮХС-ийн асуудлыг улс төржүүлж байна" гэсэн тайлбар өгч байсан юм.
Тэгвэл энэ удаад шүүх рүү шилжжээ. Шүүх хурал хэзээ товлогдож, шийдвэрээ гаргах нь тодорхойгүй байна.