ХБНГУ-ын нутаг дэвсгэрт энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Прага-Дрезден чиглэлийн хурдны замаар дипломат дугаартай автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газрын тагнуулын ажилтан, Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурлын тов одоог хүртэл гараагүй байна гэдгийг saechsische.de сайт мэдээллээ.
Дрезден хотын прокурорын газраас 40 настай Б.Баттүшиг, 47 настай С.Эрдэнэбаярт яллах дүгнэлт үйлдэж, 2019 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт шүүхэд шилжүүлж байсан юм.
Монгол Улсын дипломат дугаартай, Мерседес Бенц И класс маркийн суудлын автомашиныхаа багажид тус бүрийг нь 500 граммаар боож бэлтгэсэн, нийтдээ 140 боодол, 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын дипломат албаны тагнуулч Б.Баттүшиг нь УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнийн хүүхэд болохыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Хар захын ханшаар гурван сая еврогийн үнэ хүрэхүйц хар тамхи тээвэрлэж явсан дээрх хүмүүст ХБНГУ-ын шүүхээс маш өндөр ял шийтгэл оноох нь ойлгомжтой. Дрезден хотын шүүх одоогоос ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө (есдүгээр сарын 13-нд ) мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй эмийг их хэмжээгээр тээвэрлэж явсан Монголын дипломат ажилтанд гурван жил есөн сар хорих ял оноогоод байгаа билээ.