Улаанбаатар хотод өдөрт 600 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүдэг. Нийтийн тээврийн төлбөрийн системийг олон улсын жишигт нийцүүлэхээр 2015 онд “Улаанбаатар смарт карт”-ыг нэвтрүүлсэн билээ.
Гэвч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн тав дахь өдөр Нийслэлийн Нийтийн тээвэр, үйлчилгээний газарт ажиллах үеэрээ “Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэлд хяналтаа тавь. Оролцоогоо нэмэгдүүл. Танайх системээ бүрэн хяналтандаа авч, “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал. Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байна” хэмээснийг бид мэдээлсэн.
Үүнээс улбаалж, энэхүү шинэлэг ажлыг зогсоох нь, нийслэлчүүд эргээд кондуктортой болох нь, нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байхад автобусанд сууриулсан 1260 тоног төхөөрөмжийг буулгах нь. Өмнө нь бас “Шөнийн гудамж”-ийг байхгүй гэж болго” хэмээн тэрбумаар тохижуулсан гудамжийг буулгаж байсан. Энэ мэт өмнөх хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн ажил таалагдахгүй тохиолдолд буулгаж, хаагаад байх юм байна гэсэн яриа иргэдийн дунд гарахад хүрээд байна.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхээр 2015 онд тендер зарлан, БНСУ-ын “Кореа Смарт Карт Корпораци” компанийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” компани шалгарсан байдаг. Тус компанийн зүгээс компанийн хувьцааны 24 хувийг Улаанбаатар хот эзэмшихээр өгч, 13 сая 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж, одоогийн нийтийн тээврийн үйл ажиллагааг шинэчилсэн. Хөрөнгө оруулалтаа 4.8 жилд нөхвөл Монголын талын хувьцаа ихсэж, Солонгосын талынх багасах учиртай байв.
Гэвч одоогийн байдлаар хөрөнгө оруулалтынхаа 10 хувийг олж аваад байгаа бөгөөд 2020 оны гуравдугаар сард хоёр байгууллагын байгуулсан мастер гэрээ дуусгавар болоход тулжээ.
БНСУ-ын “Кореа Смарт Карт Корпораци”-ийн ихэнх хувийг Сөүл хотын захиргаа эзэмшдэг бөгөөд нийслэлийн нийтийн тээврийн системийг сайжруулах ажлын хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурван ч хотын даргын нүүрийг үзэж, тэдний шаардлагад нийцүүлэн ажиллах гэж зовж байгаа тул хөрөнгө оруулалтаа хурдхан шиг татаж авахын мөрөөдөл болжээ.
Үнэхээр хөндлөнгийн нэг компани нийтийн тээврийн мөнгө хумслаад байгаа эсэхэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнээс тодруулахад “Нийтийн тээвэр төлбөрийн ухаалаг системд шилжсэнээр далд байгаа орлогыг ил болгож, харин ч хяналтын системийг сайжруулсан. Гэрээний хугацаа дуусаагүй, хөрөнгө оруулалтаа нөхөж аваагүй тохиолдолд гэрээг шууд цуцлах боломжгүй. Гэрээг цуцалсан тохиолдолд Солонгосын тал хөрөнгө оруулалтаа олж авахын тул олон улсын шүүхэд хандах байх.
Тэглээ ч хоёр байгууллагын хооронд байгуулсан мастер гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Уг ажлын хэсгийг дүгнэлтээс бүх зүйл тодорхой болно.
Хотын дарга солигдох үед нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт зориулан компанийнхаа үйл ажиллагаа, санхүүгийн талаарх мэдээллийг багтаасан ном гарган тараасан байдаг. Уг номыг нэг ч удаа болов эргүүлж харсан бол манай компанийн үйл ажиллагааны талаар арай өөр ойлголттой болох байсан. Угаасаа нийслэлийн Нийтийн тээврийн газраас болж бүтэхгүй зүйл болонгуут “Улаанбаатар смарт карт” буруутай хэмээн бүх асуудлаа “чихдэг”. Харин ч манай компани гарч ирснээр нийтийн тээврийн компаниудад олгодог байсан нөхөн олговор буюу татвар төлөгчдийн мөнгө багассан” гэсэн юм.
Анхнаасаа хотын удирдлагууд хувийн компанийн хөрөнгө оруулалтыг ашиглан нийтийн тээврийн төлбөрийн системийг сайжруулчихаад, дараа нь хувийн компанитай хамтран ажилламааргүй байна. Хот өөрийнхөө мэдэлд авч ажилламаар байна гэж байгаа нь цаашид хувийн компаниуд хоттой хамтран ажиллаад хэрэггүй шүү гэж ойлгогдохоор байгаа юм.
Үнэхээр “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагааг хянаж чадахгүй байгаа эсэхийг Нийслэлийн нийтийн тээвэр, үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатараас тодруулахад “Өнгөрсөн хоногт хэдэн хүн зорчсон хэдэн төгрөгийн орлого орлоо гэсэн мэдээлэл Нийтийн тээвэр, үйлчилгээний газарт ирдэг. Гэвч уг мэдээлэл үнэн зөв эсэхийг хянах админ эрх БНСУ-ын компанийн мэдэлд байдаг. Нийслэлийн нийтийн тээврийн бүх дата мэдээллийг Солонгосын компани эзэмшиж байна гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын хувьд “Улаанбаатар смарт карт” компанийн гэрээг шууд цуцал гэгээгүй, харин мастер гэрээг дүгнэх ажлыг хурдан шуурхай хийж гүйцэтгэ гэсэн. Тэрнээс биш нэгэнт нэвтрүүлсэн ажлыг зогсоохгүй үргэлжлүүлнэ. Мастер гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч хоёр компанийн үйл ажиллагаа цаашид хэрхэн явах талаар тодорхой мэдээлэл гарна” гэсэн юм.
Харин ч хувийн компани гарч ирснээр нийслэл хотын нийтийн тээвэрт томоохон өөрчлөлт гаргасан гэхэд хилсдэхгүй. Яг аль газарт нь асуудал байгааг хотын дарга нягталж үзнэ биз дээ.