Өнгөрөгч долоо хоногт Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатнаас анхны түүхэн хожил байгууллаа.
Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын багтай хийж үндсэн цагт 1:0-ээр ялалт байгуулсан билээ. Тоглолтын хожлын гоолыг Монголын шигшээ багийн өмсгөлтэй хоёр дахь тоглолтоо хийж буй А.Дөлгөөн эхний хагасын 17’ дахь минутад оруулав. А.Дөлгөөний гоолын дамжуулалтыг 6 дугаартай тоглогч А.Нармандах өгч, энэхүү үнэтэй ялалтыг үндэсний шигшээ баг, хөгжөөн дэмжигчид, Монголын ард түмнийхээ хамтаар авч чадлаа.
Манай шигшээ Мьянмарын багийг хоёр дахь удаагаа талбайдаа буулган авч байгаа нь энэ бөгөөд хоёр хожихдоо хаалгандаа гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлттэй үлдсэн юм. Энэхүү ялалт нь Монголын шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатны II дугаар шатнаас авсан анхны гурван оноо болон түүхэн тэмдэглэгдэн үлдэж буйг дуулгахад таатай байна.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо 09-р сарын 10-ны 17:00 цагт талбайдаа Тажикстаны эсрэг хийнэ.