Үзэгч сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Английн алдарт дуучин, дуу зохиогч Эд Шийрангийн 2017 оноос хойш өнөөдөр хүртэл дэлхий даяар тоглогдож буй "÷ Tour" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эд Шийран
Түүний хөгжмийн карер 2011 онд анхны "+" (нэмэх) нэртэй цомог гаргаснаар эхэлсэн түүхтэй. Уг цомог Англи, Австралид хит жагсаалтыг тэргүүлсэн бол Америкт хит жагсаалтын тавдугаар байрт орж байсан байна. Тэрээр 2012 онд Английн хөгжмийн Brit Awards наадмаас шилдэг эрэгтэй дуучин шагналыг хүртэж байснаас гадна 2013 онд Гремми наадамд анхны цомогт нь орсон "The A Team" дуу нь "Оны шилдэг дуу" шагналд нэр дэвшиж байсан байна.
Эд Шийрангийн хоёр дахь бие даасан "X" (үржих) цомог нь 2014 онд гарч дэлхий даяар шилдэг борлуулалттай цомог болж чадсан байдаг. Уг цомгийн гол сингл болох "Thinking Out Loud" дуугаараа 2016 оны Гремми наадмаас "Оны шилдэг дуу", "Шилдэг поп дуу" шагналуудыг хүртсэн байна.
Түүний гурав дахь цомог болох "÷ " (хуваах) нэртэй цомог 2017 онд гарч мөн л дэлхий даяар түүний нэр алдар цуурайтаж байлаа. Тэрээр өнгөрсөн жилүүдэд ердөө гурван цомгоороо дэлхийн хамгийн олон хувь цомог борлуулсан уран бүтээлчдийн тоонд багтаж дэлхий даяар 130 сая гаруй цомог борлуулж чадаад байгаа юм.
"÷ Tour" аялан тоглолт
Эд Шийран 2017 онд гурав дахь цомгоо гаргасан даруйдаа цомгийн нэрээр аялан тоглолт зохион байгуулж эхэлсэн ба 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Италийн Турин хотноо анхны тоглолтоо хийсэн байна. Улмаар 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Английн Ипсвич хотноо хаалтын тоглолтоо хийх ажээ. Уг тоглолтыг одоогийн байдлаар нийт 6.4 сая хүн үзээд байна. Нийт 218 удаагийн тоглолтоор 609.8 сая долларын ашиг олоод байгаа нь бүх цаг үеийн хоёр бичигдэх өндөр ашигтай тоглолт болон бичигджээ. Одоогийн байдлаар бүх цаг үеийн хамгийн өндөр ашигтай тоглолтоор домогт U2 хамтлагийн "360º Tour" тоглолт болохыг манай сайт өмнө нь танилцуулсан билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.