www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Joy Division, "Closer"
Гарсан он: 1980 он
Төрөл: Пост-панк, Готик рок
Үргэлжлэх хугацаа: 44:16
Лэбэл: Factory
Пост-панк урсгалын анхдагчдын нэг болох Жой Дивишион хамтлаг оршин тогтносон цөөхөн жилийн (дөрвөн жил) хугацаандаа хөгжмийн ертөнцөд чамгүй нөлөөллийг үзүүлсэн хамтлаг байлаа. Тэд карьерийнхээ нийт хугацаанд хоёр цомог гаргаж амжсан ба гоцлол дуучин Иан Куртис 1980 оны тавдугаар сард амиа хорлосноор тус хамтлаг дахин уран бүтээлээ туурвиагүй юм.
Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан Жой Дивишион хамтлагийн студийн хоёр дахь буюу хамгийн сүүлчийн цомог болох "Closer" цомгийг танилцуулж байна. Тус цомогт орсон дуунууд нь үндсэндээ хоёр ангилагддаг ба 1979 онд зохиогдсон "Atrocity Exhibition", "Passover", "Colony", "A Means to an End", "Twenty Four Hours" дуунууд болон 1980 онд зохиогдсон "Isolation", "Heart and Soul", "The Eternal", "Decades" дуунууд гэж ангилагддаг. Өөрөөр хэлбэл хоёр өөр цаг үед зохиогдсон дуунууд нь зохиомж, найруулга зэргээрээ өөр хоорондоо эрс ялгагддаг.
Жой Дивишион хамтлагийн 1979 онд гаргасан анхны "Unknown Pleasures" цомог дээр продьюсерээр ажилласан Мартин Ханнет "Closer" цомог дээр мөн ажилласан байна. Гэвч хамтлагийн гол гишүүд болох Бернард Самнер, Петр Хүүк нар продьюсерийн ажлын гүйцэтгэлд үнэхээр сэтгэл дундуур байлаа. Ялангуяа Петр Хүүк өөрийнх нь тоглосон хөгжмийг дордуулж байсан хэмээн түүнийг буруутгадаг байна. Харин тус цомгийн лебелээр ажилласан "Factory"-ийн босс Тони Вилсон "Closer" цомогт сэтгэл хангалуун байж том амжилтад хүрнэ хэмээн итгэж байжээ. Үнэхээр ч Тонигийн зөв байсан бөгөөд хөгжим судлаачид "Closer" цомгийг Жой Дивишионы хамгийн шилдэг бүтээл бөгөөд пост-панкын ноён оргил хэмээн үнэлдэг байна.
Ингээд тус цомгоос хоёр дууг нь онцолж байна. Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "A Means to an End". Харин эцэст нь энэхүү нийтлэлийг өгүүлэгч өөрийнхөө сонсох дуртай дуу болох "Twenty Four Hours" дууг толилуулж байна.
"Closer"
А тал:
1. "Atrocity Exhibition" 6:06
2. "Isolation" 2:53
3. "Passover" 4:46
4. "Colony" 3:55
5. "A Means to an End" 4:07
В тал:
6. "Heart and Soul" 5:51
7. "Twenty Four Hours" 4:26
8. "The Eternal" 6:07
9. "Decades" 6:10