www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Metallica, "Master of Puppets"
Гарсан он: 1986 он
Төрөл: Треш метал
Үргэлжлэх хугацаа: 54:47
Лэбэл: Elektra
Домогт Металлика хамтлагийн тухай, тэдний гайхамшигт бүтээлүүдийн тухай хүүрнэх нэн таатай. Энэ удаад алдарт "Master of Puppets" цомгийн тухай өгүүлэх завшаан тохиож байна.
Энэхүү агуу бүтээл нь 1986 онд тэдний гурав дахь студийн цомог болж гарсан ба аргил гитарчин Клифф Бартоны /1962-1986/ хамгийн сүүлчийн цомог байлаа. Тэрээр "Master of Puppets" цомог гарснаас хэдхэн сарын дараа авто ослын улмаас зуурдаар нас барсан байдаг.
Цомгийн бичлэгээ тэд АНУ-д бус бөмбөрчин Ларс Улричийн төрсөн нутаг болох Дани улсад хийсэн нь Америк дахь студийн акустикийг голсон хэрэг байлаа. Гэхдээ тэд бичлэгтээ орохоор Дани улсад очихоосоо өмнө бараг ихэнх дуугаа зохиочихсон байсан гэдэг.
Металлика гурав дахь цомгийн сурталчилгаагаа хийхдээ дуунуудаа сингл хэлбэрээр цацах эсвэл видео клип гаргахаас илүүтэйгээр далайцтай томоохон аялан тоглолт хийх хувилбарыг сонгосон байна. Тухайн үедээ хамтлагийнхан аялан тоглолтын үеэр явж байхдаа их хэмжээгээр архи, согтууруулах ундаа хэрэглэдэг хэмээн шүүмжлүүлдэг байжээ. Тэднийг хэвлэлийнхэн "Alcoholica" хэмээх хоч хүртэл өгөөд авсан. Харин хамтлагийнхан маань үүнийг хошигнол хэлбэрээр хүлээн авч өөрсдөө "Alcoholica / Drank 'Em All" бичиг бүхий цамц өмсдөг байжээ.
Цомогт орсон дуунуудын тухай өгүүлэхэд мэдээж тэд эхний синглээрээ цомгийн нэрээр нэрлэсэн "Master of Puppets" дуугаа сингл хэлбэрээр цацсан байна. Гоцлол дуучин Жеймс Хетфийлд "Master of Puppets" дууны талаар: "Хар тамхинд хэт донтсон хүмүүс хийж байгаа зүйлээ өөрөө удирдах биш харин хар тамхи тэднийг өөрсдийг нь удирдах болсныг мэддэггүй" хэмээн тайлбар хэлсэн нь бий.
Ерөөс цомогт орсон найман дуу бүгд агуу бүтээлүүд юм. Танд алгасалгүй эхнээс бүгдийг нь сонсохыг зөвлөх байна. "Master of Puppets" цомог бүтнээрээ манай сайтын "Онлайн радио 24/7" буланд байршиж буй тал та цомгоо эхнээс нь дуустал сонсох боломжтой.
Эцэст нь цомгийн хамгийн сүүлчийн дуу болох "Damage, Inc." дууны амьд тоглолтын бичлэгийг хүргэж байна.
"Master of Puppets"
А тал:
1. "Battery" 5:13
2. "Master of Puppets" 8:36
3. "The Thing That Should Not Be" 6:36
4. "Welcome Home (Sanitarium)" 6:27
В тал:
1. "Disposable Heroes" 8:17
2. "Leper Messiah" 5:40
3. "Orion" (instrumental) 8:27
4. "Damage, Inc." 5:32