"Таны заавал сонсох 500 цомог" №209 Pearl Jam, ‘Ten’
"Таны заавал сонсох 500 цомог" №209 Pearl Jam, ‘Ten’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Pearl Jam, ‘Ten’

Гарсан он: 1991 он
Төрөл: Гранж рок, Альтернатив рок, Хард рок
Үргэлжлэх хугацаа: 53:20
Лэбэл: Epic

90-ээд оны хамгийн нөлөө бүхий альтернатив рок хамтлагуудын нэг бол яах аргагүй Америкийн алдарт Пийрл Жем хамтлаг юм. Роллинг Стоун сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан судалгаагаар тус хамтлаг "одоо ид тоглож буй хамтлагуудаас хамгийн нөлөө бүхий хамтлагуудын жагсаалт"-ын эхний 8-д эрэмбэлэгдсэн байна. Пийрл Жем хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл студийн 11 цомог гаргаж, дэлхий даяар 100 гаруй сая хувь цомог борлуулж чаджээ.

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо тэдний 1991 онд гаргасан анхны бие даасан цомог болох "Ten" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү цомог нь гарсан даруйдаа шууд амжилтад хүрч чадаагүй ч "Alive", "Even Flow", "Jeremy" зэрэг хит синглүүдийнхээ тусламжтайгаар сонсогчдод хүрч чадсан байдаг. Улмаар "Jeremy" сингл нь тус хамтлагийн нэрийн хуудас болсон дуугаар нэрлэгдэх болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тус цомгийн нэр хүнд өсч, хөгжим судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авахын сацуу борлуулалт нь нэмэгдсээр байгаа аж.

Хөгжмийн нэр хүндтэй сэтгүүлүүдээс гаргасан шилдэг цомгуудын жагсаалтад ‘Ten’ цомог ямагт шилдгүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог байна. Тухайлбал:

  • Guitar World сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 100 гитарын гоцлол бүхий цомог"
  • Rolling Stone сэтгүүлийн уншигчид "10 шилдэг дебют цомог" жагсаалтыг тэргүүлдэг. Мөн түүнчлэн "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад багтдаг. 
  • Q сэтгүүлийн "Бүх цаг үеийн агуу 100 цомог" жагсаалтад багтдаг зэрэг олон сэтгүүлээс гаргасан шилдгүүдийн жагсаалтуудыг дурдаж болно. 

Дээр дурдсан "Jeremy" дууны тухайд: гоцлол дуучин Эдди Веддер гар буугаар амиа егүүтгэсэн Жереми гэх дунд сургуулийн хүүгийн тухай сонин дээрээс уншаад энэ явдалд ач холбогдол өгч, ямар зүйл хийх ёстой гэдэг үүднээс энэ дууг зохиосон гэдэг.

Харин цомгийн эхний синглээр цацагдсан "Alive" дууг гитарчин Стон Госсард Пийрл Жем хамтлаг байгуулагдахаас өмнө өмнө буюу Mother Love Bone хамтлагт байхдаа зохиосон аж. Гэхдээ энэ дууны анхны нэр нь "Alive" биш "Dollar Short" нэртэй байсан аж. 

Цомгийн хоёр дахь сингл "Even Flow" дууны тухайд хамтлагийн аргил гитарчин Жефф Амент: "Би энэ дууг супер хит дуу болно гэдгийг мэдэрч байсан. Учир нь энэ дууг бид бие биенээ үзэн ядах хүртлээ дахин дахин тоглож, бэлдэж байлаа" хэмээн дурсан ярьсан байдаг. 

‘Ten’

1. "Once" 3:51
2. "Even Flow" 4:53
3. "Alive" 5:41
4. "Why Go" 3:20
5. "Black" 5:43
6. "Jeremy" 5:18
7. "Oceans" 2:42
8. "Porch" 3:30
9. "Garden" 4:59
10. "Deep" 4:18
11. "Release" 9:05 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл