"Таны заавал сонсох 500 цомог" №277 Janet Jackson, ‘Rhythm Nation 1814’
"Таны заавал сонсох 500 цомог" №277 Janet Jackson, ‘Rhythm Nation 1814’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.


 

Janet Jackson, ‘Rhythm Nation 1814’

Гарсан он: 1989 он
Төрөл: Поп, R&B
Үргэлжлэх хугацаа: 61:19
Лэбэл: A&M

‘Rhythm Nation 1814’ цомог нь Жанет Жексоны дөрөв дэх бие даасан студийн цомог бөгөөд A&M лэбэлийн зүгээс түүний гурав дахь цомог болох "Control" цомогтой ижил төстэй цомог гаргахыг зорьж байсан боловч Жанет арай өөр цомог гаргахыг хүссэн юм. Тэрээр хайр дурлал гэх мэт энгийн сэдвээс хальж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ядуурал, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн дуунууд бүхий цомог гаргахыг хүссэн байна. 

Цомог худалдаанд гарсан даруйдаа Биллбоардын шилдэг 100 жагсаалтад долоон дуу нь багтахын сацуу дээгүүр байр эзэлж байсан нь түүхэн дэх анхны цомог болж тэмдэглэгдэн үлджээ. Хөгжим судлаачид ч ‘Rhythm Nation 1814’ цомгийг өндрөөр үнэлж байсан ба 1990 онд зөвхөн АНУ-д 12 сая гаруй борлуулагдаж чадсан байна.

Мөн түүнчлэн Гремми наадмаас есөн шагнал хүртсэн ба оны шилдэг продюсерээр нэр дэвшсэн анхны эмэгтэй болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.   

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол цомгийн нэрээр нэрлэгдсэн алдарт ‘Rhythm Nation 1814’. ‘Rhythm Nation 1814’ нь цомгийн эхний сингл байгаагүй ч цомгийг худалдаанд гарснаас сарын дараа нийтэд цацагдсан дуу байлаа. Уг дуу дэлхий даяар хит жагсаалтуудыг тэргүүлж байснаас гадна MTV Video Music Awards, Гремми зэрэг наадмуудаас хэд хэдэн шагнал хүртсэн юм. 

Харин цомгийн эхний сингл болох "Miss You Much" дууг цомог худалдаанд гарахаас сарын өмнө олон нийтэд сингл хэлбэрээр цацсан ба 1989 онд Биллбоардын шилдэг 100 жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлсэн нь тухайн ондоо хамгийн удаан хит жагсаалтыг тэргүүлсэн дуугаар нэрлэгдэж байлаа. 

‘Rhythm Nation 1814’ цомгийн найман дуу сингл хэлбэрээр цацагдсан бүгд л хит дуунууд байж чадсан юм. Иймд та тус цомгийг бүхэлд нь сонсохыг зөвлөх байна. Манай сайтын "Онлайн радио 24/7" буланд ‘Rhythm Nation 1814’ богино хэмжээний киног бүрэн эхээр нь байршуулсан тул танд тус киног үзэхийг мөн зөвлөж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл