"Таны заавал сонсох 500 цомог" №365 ‘Rage Against the Machine’
"Таны заавал сонсох 500 цомог" №365 ‘Rage Against the Machine’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Rage Against the Machine, ‘Rage Against the Machine’

Гарсан он: 1992 он
Төрөл: Рэп метал, Алтернатив метал, Фанк метал, Nu метал
Үргэлжлэх хугацаа: 52:55
Лэбэл: EPIC

"Rage Against the Machine" хамтлаг нь 90-ээд оны хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг юм. Тэд өөрсдийн хамтлагийн нэрээр нэрлэсэн эхний цомгоосоо л дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан гэхэд болно. "Rage Against the Machine" хамтлагийн нэртэй хамт Nu metal хөгжмийн урсгал олон танигдаж эхэлсэн түүхтэй. Тус хамтлаг 1992-2000 оны хооронд студийн дөрвөн цомог гаргасан ба өнөөдөр үзэгч, сонсогчдодоо тэдний хамгийн эхний бөгөөд хамгийн алдартай цомог болох "Rage Against the Machine" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тус цомгийн хавтасны зураг өөрийн эрхгүй анхаарал татна. Шашин шүтлэгийг нь дарангуйлах төрийн эсрэг өөрийгөө галдан шатааж буй ламын зургаар тэд хавтасны зургаа хийжээ. Ерөөс "Rage Against the Machine" хамтлагийн дуунуудад улс төрийн өнгө аяс багагүй байр суурийг эзлэх нь бий. Тухайлбал энэхүү нийтлэлийн хамгийн эхэнд эгшиглэх дуу бол үүний тод жишээ юм. "Rage Against the Machine" цомгийн эхний сингл болох "Killing in the Name" дуунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн харгислалын эсрэг өгүүлэх эсэргүүцлийн дуу юм. Америкийн нийгмийг эсэргүүцэх уг дууны шүүлтүүргүй хувилбарт "f*ck" гэсэн үгийг 17 удаа давтан дэлсэн нь нийгмийг цочроосон биз. 

Хоёр дахь сингл болох "Bullet in the Head" дуу нь мөн л улс төрийн сэдэвтэй ба засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмний тархийг угаадаг тухай өгүүлдэг байна. Тус дууны "Pinkpop" амьд тоглолтын бичлэгийг толилуулж байна. Гоцлол дуучин Зак дэ ла Рочагийн тайзан дээрх савалт бол үзэгчдийн цөсийг хөөргөх болно. 

Гурав дахь сингл болох "Bombtrack" дуунд тэдний ихэнх дуунуудын нэгэн адил нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэх юм. 

Эцэст нь алдарт "Know Your Enemy" дууны амьд тоглолтын хувилбарыг толилуулж байна. 

2012 онд ‘Rage Against the Machine’ цомгийн 20 жилийн ойгоор тус цомгийг дахин шинэчлэн гаргасан нь бий. 

‘Rage Against the Machine’ 

1. "Bombtrack" 4:04
2. "Killing in the Name" 5:14
3. "Take the Power Back" 5:37
4. "Settle for Nothing" 4:48
5. "Bullet in the Head" 5:07
6. "Know Your Enemy" (featuring Maynard James Keenan) 4:55
7. "Wake Up" 6:04
8. "Fistful of Steel" 5:31
9. "Township Rebellion" 5:24
10. "Freedom" 6:06

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл