www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Björk, ‘Post’
Гарсан он: 1995 он
Төрөл: Арт поп, Электроник, трип хоп
Үргэлжлэх хугацаа: 46:10
Лэбэл: One Little Indian, Elektra
Исландын дуучин, дуу зохиогч, хөгжмийн зохиолч, жүжигчин Björk-ийн талаар болон түүний амьд тоглолтыг манай сайтын "Unplugged" тоглолт булангаараа толилуулж байсан билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр 1995 онд түүний гаргасан хоёр дахь студийн "Post" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү цомог нь чухам юугаараа онцлог гэвэл арт поп хөгжмийн урсгалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан цомог хэмээн үнэлэгддэг байна. Цомогт орсон ихэнх дуугаа Björk өөрөө зохиосон ба 1995 онд гарсан шилдгийн шилдэг цомог хэмээн хөгжим судлаачиж дүгнэсэн байдаг.
Цомгийн танилцуулга хэлбэрээр "Army of Me", "Isobel", "It's Oh So Quiet", "Hyperballad", "Possibly Maybe", "I Miss You" зэрэг зургаан дууг сингл хэлбэрээр гаргасан ба бүх дуу нь хит жагсаалтуудыг тэргүүлж чадсан юм. Нийтлэлийн хамгийн эхэнд эгших дуу бол эхний сингл болох "Army Of Me" юм. Энэхүү дуу нь үнэхээр тэсрэлт болж чадсан ба ‘Post’ цомог худалдаанд гарахаас хоёр сарын өмнө цацагдсан тул сонсогчдод ‘Post’ цомгийг хүлээх хүлээлтийг бий болгосон байна.
‘Post’ цомогт Björk-ийн нэрийн хуудас болсон "It's Oh So Quiet" дуу нь багтдаг ба энэхүү дуу нь анх 1951 онд Америкийн дуучин Бетти Халтоны зохиож дуулсан хувилбараар хүмүүст хүрсэн байдаг. Тэр цагаас маш олон дуучид уг дууг ковер хийн дуулж байснаас магадгүй эх хувилбараасаа давсан нэр хүндийг олсон хувилбар нь Björk-ийн хувилбар байж мэднэ. Björk энэ дууны видео клипээрээ 1996 оны "MTV Video Music Awards for 1996" наадмаас зургаан шагнал хүртэж байлаа.
Цомгийн дөрөв дэх сингл болох "Hyperballad" дууг Björk өөрийнхөө амьдралын талаар, мөрөөдлийнхөө талаар өгүүлдэг байна. Энэхүү дууг орчин үеийн хөгжмийн шүүмжлэгчид Björk-ийн карьерийнх нь хамгийн сайн дуу болсон хэмээн дүгнэлт хэлсэн байдаг.
‘Post’
1. "Army of Me" 3:54
2. "Hyperballad" 5:21
3. "The Modern Things" 4:10
4. "It's Oh So Quiet" 3:38
5. "Enjoy" 3:57
6. "You've Been Flirting Again" 2:29
7. "Isobel" 5:47
8. "Possibly Maybe" 5:06
9. "I Miss You" 4:03
10. "Cover Me" 2:06
11. "Headphones" 5:40