www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Paul McCartney and Wings, ‘Band On The Run’
Гарсан он: 1973 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 41:08
Лэбэл: Apple
"Paul McCartney and Wings" хамтлаг
Домогт Битлз хамтлаг тарсны дараа Пол Маккартни нэгэн хамтлаг байгуулсан нь "Paul McCartney and Wings" байлаа. Битлз хамтлаг 1960-1970 оны хооронд 10 жилийн турш дэлхийг байлдан дагуулж чадсан бол "Пол Маккартни ба Вингс" хамтлаг 1971-1981 оны хооронд мөн л 10 жил оршин тогтносон байдаг. Тус хамтлагт Пол Маккартнигаас гадна түүний эхнэр Линда даралтат хөгжимчнөөр байсан ба 10 жилийн хугацаанд гурван гоцлол гитарчин, дөрвөн бөмбөрчин сольжээ. "Paul McCartney and Wings" хамтлагийн тухай өгүүлэхийн тулд Полын эхнэр Линдагийн тухай өгүүлэхгүй орхиж боломгүй. Тэрээр гэрэл зурагчин, хөгжим сонирхогч нэгэн байж 1969 онд Полтой гэрлэж "Paul McCartney and Wings" хамтлагийг үүсгэн байгуулалцсан юм.
"Paul McCartney and Wings" хамтлагийн эхний гаргасан цомгууд болох 1971 оны "Wild Life", 1973 оны "Red Rose Speedway" цомгуудад Битлз тарсны дараах Пол Маккартнигийн сэтгэл гутрал нэвт "үнэртсэн" төдийлөн сайн цомгууд болж чадаагүй юм. Харин өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж буй "Band on the Run" цомог тус хамтлагийн амжилтын оргилд хөтөлсөн гэхэд болно.
"Band on the Run" цомог
Тус цомог нь домогт Битлз хамтлаг тарснаас хойш Пол Маккартнигийн гаргасан тав дахь, "Paul McCartney and Wings" хамтлагийн гурав дахь цомог нь байлаа. Цомгийн борлуулалт эхэндээ тун тааруухан байсан хэдий ч цомогт орсон "Jet" болон "Band on the Run" зэрэг хит дуунуудынхаа хүчээр тус цомог Их Британи, Австралид хамгийн өндөр борлуулалттай цомгоор нэрлэгдэх болсон байна. Тэр ч бүү хэл Битлзээс хойш Полын гаргасан хамгийн алдартай бүтээлүүдийн нэгд тооцогддог байна.
Пол тус цомгийг бараг л ганцаараа хийсэн гэж хэлэхэд хилсдэхгүй учир нь бичлэгийн үеэр бөмбөрчин Денни Сейвел, гитарчин Хэнри нар хамтлагаасаа гарсан нь аргил гитар, гоцлол гитар, бөмбөрийг хүртэл Пол өөрөө тоглон бичүүлэхэд хүргэсэн байна. Тэд цомгоо Нигер улсын Лагост бичүүлж байх үедээ хутгаар зэвсэглэсэн дээрэмчдэд дуусгаагүй дууны үгс, урьдчилсан бичлэг бүхий цүнхээ алдаж байсан тухайгаа хожим нь дурсан ярьсан нь бий.
Энэхүү нийтлэлийн хамгийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж цомгийн нэрээр нэрлэгдсэн гол хит дуу "Band on the Run" юм. Энэхүү дуу нь дангаараа зөвхөн Америкт 1 сая гаруй хувь борлуулагдсан байна. "Paul McCartney and Wings" хамтлагийн нэрийн хуудас болсон дууг нэрлэ гэвэл "Band on the Run" дууг хэлэх биз ээ.
Пол болон Линда нар өөрсдийн машиндаа "Helen Wheels" хэмээн нэрлэдэг байсан ба машиндаа зориулж бүтээсэн дуу нь "Band on the Run" цомогт багтсан нь бий.
Тэр ч бүү хэл өөрсдийн тэжээдэг нохойдоо зориулсан "Jet" дуу нь хит сингл болж чадсан байдаг.
"Band on the Run"
А тал
"Band on the Run" – 5:12
"Jet" – 4:09
"Bluebird" – 3:23
"Mrs. Vandebilt" – 4:40
"Let Me Roll It" – 4:51
В тал
"Mamunia" – 4:51
"No Words" – 2:35
"Helen Wheels" – 3:44
"Picasso's Last Words (Drink to Me)" – 5:49
"Nineteen Hundred and Eighty Five" – 5:28