Мэргэжлийн боксын хүнд жингийн босоо аварга Английн боксчин Энтони Жошуа урьд шөнө ээлжит тулаандаа орж хүнд цохилтоор ялагдлаа.
Тэрээр IBF, WBA, WBO, IBO дөрвөн холбооны аварга бөгөөд өчигдрийг хүртэл 22 тулаанд орж нэг ч ялагдаагүй төдийгүй 21 тулаандаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байсан босоо аварга байсан билээ. Энтони Жошуа сонирхогчийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2011 онд мөнгөн медаль хүртэж байсны сацуу 2012 оны Лондонгийн Олимпийн их наадмын аварга тамирчин юм. 2014 оноос мэргэжлийн бокст хүч үзэж эхэлсэн ба 2017 онд Украйны домогт аварга Владимир Кличког хүнд цохилтоор буулган авсан уг тоглолт нь оны шилдэг тулаанаар нэрлэгдэж байсан юм.
Урьд шөнө юу болж өнгөрөв өө?
Энтони Жошуагийн эсрэг "Сүйтгэгч" хочит Мексикийн боксчин Энди Руйз тулсан байна. Энди Руйзийн хувьд одоогоос 10 жилийн өмнө мэргэжлийн карериараа эхлүүлсэн бөгөөд өчигдрийг хүртэл нийт 33 тулаанд орж 32 удаа ялахдаа 22 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байсан юм. Тэрээр ганц удаа ялагдсан нь 2016 онд Шинэ Зиландын боксчин Жозеф Паркерт ялагдаж байсан юм. Энэ мөчөөс эхлэн Энди Руйз дэлхийн хүнд жингийн аварга хэмээн цоллуулах эрхтэй боллоо.