Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдана.
Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.
Эрэгтэйчүүдийн -90кг жингийн В хэсгийг Г.Алтанбагана тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Их Британийн Фразер Чамберлайнтай барилдах оноолттой байна. Харин С хэсэгт Г.Пунцагцэрэн эхний тойрогт Рафаел Маседотой барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн С хэсэгт О.Хангал эхний тойрогт Литуаниа улсын жүдоч Рокас Ненартавикиустэй барилдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд С.Бат-Орших эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Нидерландын Рой Мэертэй барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -78кг жингийн А хэсэгт Б.Эрдэнэт-Од эхний тойрогт Израйль улсын жүдоч Инбар Ланиртай барилдах оноолттой байна.