Украин улсын жүдо бөхийн шинэ од Дариа Билодид аварга 2017 оны 11 сарын Хаагийн Гран при тэмцээнээс хойш найман томоохон тэмцээнд орж бүгдэд нь түрүүлээд байсан юм. Түүнд гурван дэлхийн аваргын медаль (2015 оны багас насны ДАШТ, 2018 өсвөр үеийн ДАШТ, 2018 оны насанд хүрэгчийн ДАШТ), Европ тивийн дөрвөн удаагийн аварга, их дуулга тэмцээний хоёр алтан медаль гээд ялалтын цуврал нь өчигдөр хүртэл тасралтгүй үргэлж байлаа.
Эмэгтэйчүүдийн -48кг жинг манай М.Уранцэцэг тэргүүлж байгаа бол Дариа Билодид 3-т эрэмбэлэгдэж байгаа юм. Өчигдрийн оргил тулаанаар энэхүү хоёр дэлхийн аваргуудын тулаан байх болов уу хэмээх хүлээлт жүдо сонирхогч дэлхий нийт хүлээж байлаа. Учир нь хоёр бөх өмнө нь нэг ч удаа учраа таарч барилдаагүй байсан юм. Гэвч үзэгчдийн хүлээлт талаар болж Урнаа аварга хагас шигшээд "шүүгчийн шийдвэрээр" ялагдал хүлээж Дариа Билодид финалд цэвэр ялагдлаа.
Дариа Билодид аварга өчигдөр дараах барилдаануудыг хийсэн юм.
Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй тул С хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин хоёрдугаар тойрогт Гүржийн Наталиа Кипшидзетэй барилдан цэвэр ялсан юм.
С хэсгийн аваргын төлөө Францын Бландине Понттой барилдан мөн цэвэр ялсан.
Хагас шигшээд Унгарын жүдоч Эва Церновичкитэй барилдан "ялсан". Уг барилдаан жүдоч сонирхогчдын дунд мөн л асуудал өрнүүлэхэд хүргэсэн барилдаан болсон юм. Та бүхэн доорх бичлэгт Унгарын бөхийн хийсэн мэх ваза-ари эсвэл Иппон байсан эсэхийг үзэж өөрсдийн дүгнэлтээ гаргах бизээ.
Алтан медалийн төлөөх барилдаанд Францын Мэлани Клементэд цэвэр ялагдан мөнгөн медаль хүртлээ.