Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн хоёр өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Япон улсын баг тамирчид долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байна.
Өчигдөр дунд жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн -81кг жинд 2188 оноотойгоор дэлхийн чансааны 20-д эрэмбэлэгдэж буй “Хангарьд” спорт хорооны тамирчин, Азийн аварга Н.Дагвасүрэн дараах барилдаануудыг хийж шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Эхний тойрогт Польшийн Степиен Дамиантай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан.
Хоёрдугаар тойрогт Аргентин улсын жүдоч Лукэнти Еммануэлтэй барилдан торгуулиар цэвэр ялсан.
Гуравдугаар тойрогт Испанийн жүдоч Алфонза Уркуизатай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан.
С хэсгийн аваргын төлөө С хэсгийг тэргүүлэгч ОХУ-ын жүдоч Лаппинагов Аслантай барилдан ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон.
Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Тимо Кавелиустай барилдан нэмэлт цагт яллаа.
Н.Дагвасүрэн хүрэл медалийн төлөө мөн эзэн орны бөх Рессел Доминиктэй маш хүнд барилдааныг хийж нэмэлт цаг хариу мэхэнд орж ялагдснаар шагналт тавдугаар байранд орлоо.