Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө дундаж жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдлаа.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингийн барилдаанууд явагдсан ба манайхнаас МУГТ Одбаяр тэргүүтэй зургаан бөх барилдасан юм.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд 2188 оноотойгоор дэлхийн чансааны 20-д эрэмбэлэгдэж буй “Хангарьд” спорт хорооны тамирчин, Азийн аварга Н.Дагвасүрэн дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Н.Дагвасүрэн өнөөдөр дараах барилдаануудыг хийжээ.
- Эхний тойрогт Польшийн Степиен Дамиантай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан.
- Хоёрдугаар тойрогт Аргентин улсын жүдоч Лукэнти Еммануэлтэй барилдан торгуулиар цэвэр ялсан.
- Гуравдугаар тойрогт Испанийн жүдоч Алфонза Уркуизатай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан.
- С хэсгийн аваргын төлөө С хэсгийг тэргүүлэгч ОХУ-ын жүдоч Лаппинагов Аслантай барилдан ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон.
- Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Тимо Кавелиустай барилдан нэмэлт цагт яллаа.
Н.Дагвасүрэн одоо хүрэл медалийн төлөө мөн эзэн орны бөх Рессел Доминиктэй барилдахаар боллоо. Германы Рессел Доминик нь жиндээ 4271 оноотойгоор дэлхийн чансааны зургууд эрэмбэлэгдэж байгаа шилдэг жүдоч юм. Урьд нь хоёр жүдоч нийт дөрвөн удаа учраа тааран барилдсан ба хамгийн сүүлд Парисын их дуулга тэмцээнд манай Н.Дагвасүрэн ялагдсан юм.
Медалийн төлөөх барилдааныг шууд үзэх:
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.