Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө дундаж жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдлаа.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингийн барилдаанууд явагдсан ба манайхнаас МУГТ Одбаяр тэргүүтэй зургаан бөх барилдасан юм.
Тодруулбал: Эрэгтэйчүүдийн -73кг жинд МУГТ Г.Одбаяр В хэсгийг тэргүүлэн барилдаж гуравдугаар тойрогт домогт аварга Эбинумад ялагдснаар тэмцээнээ дуусгасан. Мөн жинд Ц.Цогтбаатар Тажикстаны Махмадбеков Сомонтой барилдан ялагдсан. Манай бөхчүүдийг ялсан өрсөлдөгчид нь (Эбинума алтын төлөө, Сомон хүрлийн төлөө) медалийн төлөө барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан Б.Ганхайч эхний тойрогт БНХАУ-ын Ян Жунхиад ялагдан тэмцээнээ дуусгасан. Эмэгтэйчүүдийн -70кг жинд барилдсан С.Лхагвадулам мөн БНХАУ-ын Сун Анкид хоёрдугаар тойрогт ялагдсан. Мөн жингийн Б.Баасанжаргал Польшийн Дариа Погорзелек ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Харин эрэгтэйчүүдийн -81кг жинд 2188 оноотойгоор дэлхийн чансааны 20-д эрэмбэлэгдэж буй “Хангарьд” спорт хорооны тамирчин, Азийн аварга Н.Дагвасүрэн дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
- эхний тойрогт Польшийн Степиен Дамиантай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан.
- Хоёрдугаар тойрогт Аргентин улсын жүдоч Лукэнти Еммануэлтэй барилдан торгуулиар цэвэр ялсан.
- Гуравдугаар тойрогт Испанийн жүдоч Алфонза Уркуизатай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан.
- С хэсгийн аваргын төлөө С хэсгийг тэргүүлэгч ОХУ-ын жүдоч Лаппинагов Аслантай барилдан ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон.
- Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Тимо Кавелиустай барилдан нэмэлт цагт яллаа.
Н.Дагвасүрэн өнөө шөнө 00:00 цагаас хүрэл медалийн төлөө мөн эзэн орны бөх Рессел Доминиктэй барилдахаар боллоо.
Н.Дагвасүрэнгийн дагах барилдаанд Германы Тимо Кавелиустай барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.