Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медаль Ц.Цогтбаатар D хэсэгт харьяалагдан барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөсөн юм. Тэрээр хоёрдугаар тойрогт Тажикстаны Махмадбеков Сомонтой гуравдугаар дэвжээн дээр барилдана. Цогтоогийн хувьд 3462 оноотойгоор дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж байна. Урьд өмнө нь хоёр жүдоч дэлхийн аваргаар учраа таарч Ц.Цогтбаатар ялж байсан юм.
Энэ жинд нийт 58 шилдэг жүдоч барилдаж байгаа ба одоогийн байдлаар хэсгээ тэргүүлэн барилдаж буй Гүржийн Лаша аварга (A хэсэг), Азербейжаны Оружов (С хэсэг), Г.Одбаяр (В хэсэг) аваргууд хоёрдугаар тойрогт өрсөлдөгчдөө ялаад байна. Г.Одбаярын хувьд өрсөлдөгч тамирчин нь гарч ирээгүй тул шууд ялалтыг авлаа.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.