Яг одоо бид бүхний хүсэн хүлээсэн тулаан явагдах гэж байна тэр бол Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдана.
"King Tug" Н.Төгсцогт
МУГТ Нямбаярын Төгсцогт нь 1992 оны 6 сарын 23-нд төрсөн. Сонирхогчдын боксын ДАШТ-д Н.Төгсцогт эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбам, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенку, гуравт Ирландын Г.Деклан, хүрэл медалийн төлөө Италийн В.Пикардиг 12:7-гийн ялсан билээ. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын М.Алояныг 8:7 ялсан. 17 насандаа ДАШТ-ий Алтан медалийн төлөө Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояад алтан медалийн төлөө 18:2-ын харьцаатай ялагдан дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
Лондонгийн олимпд тэрбээр гайхалтай амжилт үзүүлж аваргын алтан медалийн төлөө Кубын Рамирез Карразанатай 3 үеийн турш хүнд тулаан хийн 17 : 14 харьцаагаар мөнгөн медалийн эзэн болсон юм.
Хамгийн сүүлд "Инчон 2014" Азийн наадамд Солонгосын тамирчинг гурван үеийн турш "зодсон" ч илт шүүгчдийн булхиагаар ялагдал хүлээснийхээ дараа тэрээр АНУ-ыг зорьж мэргэжлийн тамирчин болохоор шулуудсан байна. Мэргэжлийн рингэнд 10 тулааныг хийж нэг ч ялагдаагүй байгаа юм. Манай сайт Н.Төгсцогтын мэргэжлийн тулаан бүрийг цувралаар танилцуулах болно.
Одоо тэрбээр мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой яг одоо Нью Йоркын Бруклин "Barclays Center"-т хийх гэж байна. Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн Аварга болох ба уг холбооны Дэлхийн аварга цол одоогоор эзэнгүй байгаа юм. Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг WBC албан ёсоор зарлажээ.
Доминиканы боксчин Клаудио Марреро Гузман
Доминиканы боксчин Клаудио Марреро сонирхогчдын боксоор Олимпийн наадам, ДАШТ-д оролцож байсан ч Н.Төгсцогтын үзүүлсэн шиг амжилтуудыг гаргаж чадаагүй. 2010 оноос мэргэжлийн бокс руу шилжин 25 тулаан хийснээс 23 ялж (17 КО), хоёр удаа ялагдсан амжилттай.
2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болсон бөгөөд хоёр ч удаа аварга цолоо хамгаалж чадсан.
2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO-ийн аварга болсон цолоо хамгаалж чадаагүй. Одоогийн байдлаар WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа.