Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн өнөөдөр /гуравдугаар сарын 21-ний өдөр/ албан ёсоор эхэлнэ.
Энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Тбилисийн их дуулга тэмцээнд зодоглох монголын баг, бүрэлдэхүүн болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр таван жин тус бүрд хоёр буюу нийт есөн бөх барилдах хуваарьтай байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
В хэсгийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон мастерсийн мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар хоёрдугаар тойрогт өнгөрөгч оны Европын аваргын хүрэл медальт Армений А.Андреяан, Киргизстаны Б.Апишов нарын ялсантай барилдана.
D хэсэгт манай залуу бөх К.Ёолк эхний тойрогт Эл Салвадорын залуу бөхтэй барилдах оноолттой байна. Хэрэв эхний учраагаа давбал тус хэсгийг тэргүүлэн барилдах Абу Дабы, Анталягийн их дуулгуудын хүрэл медальт Нидерландын Е.Жарингтай барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
Энэ жинг дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ё.Басхүү тэргүүлэн барилдах байсан ч түүний нэр оноолтын жагсаалтаас хасагдсан байна. Харин С хэсэгт залуу бөх Ө.Бямбасүрэн барилдах ба тэрээр эхний тойрогт Узбекистаны залуу бөхтэй барилдах оноолттой байна.