🔴Н.Номтойбаяр: Манай улс импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний дөнгөж 4.6 хувьд нь лабораторийн хяналт шалгалт хийдэг
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Шадар сайд Н.Номтойбаяр:
-Өнөөдрийн байдлаар манай улс нийт импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний дөнгөж 4.6 хувьд нь лабораторийн хяналт шалгалт хийж байгаа бөгөөд үлдсэн 95.4 хувийг бүрэн хянаж шалгаж чадахгүй байна. Хэдийгээр экспортлогч улс орнууд холбогдох хяналтаа тавьдаг ч Монгол Улс дотоодод үйлдвэрлэж буй болон импортолж байгаа бүхий л хүнсэнд 100 хувийн хяналт тавих чадамжтай байх ёстой.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, итгэмжлэл болон лабораторийн чадавхыг сайжруулахтай холбоотой хуулийн төслийг танилцуулахаар бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 1,411 лаборатори байгаа ч тэдгээрийн тоног төхөөрөмж, хүчин чадал, хүний нөөцийн түвшин хангалтгүй байгаа. Иймээс лаборатори бүхий төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагаас шаардлагатай мэдээллийг нэгтгэн авч, ирэх долоо хоногийн пүрэв гарагт нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
Мөн хөрш зэргэлдээ ОХУ-д бүртгэгдсэн халдварт өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тодруулбал, тус улсын Санкт-Петербург болон Москва хотуудад сармагчны цэцэг өвчний нийт зургаан тохиолдол бүртгэгдэж, холбогдох байгууллагууд хяналтдаа аваад байна. Харин Эрхүү хотод үүссэн нөхцөл байдлын хувьд урьдчилан таамаглаж байсанчлан уушгины тахал биш, харин ковидын төрлийн риновирус (rhinovirus) халдвар болох нь албан ёсоор тогтоогдсон байна. Тухайн үед тус чиглэлд Монгол Улсаас 1,200 орчим тээврийн хэрэгсэл, 2,148 иргэн зорчсон байсан. Энэ нь манай улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгооны техник хэрэгслийг нэн даруй бүрдүүлэх дохио болж байна. Одоогоор сармагчны цэцэг өвчнийг нарийн оношлох техник тоног төхөөрөмж улсын хэмжээнд дутмаг байгаа тул Засгийн газраас олон улсын байгууллагуудад хандан шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ байнгын бэлэн байдалд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.