Узбекистан улсад жүдо бөхийн уламжлалт Ташкентын их дуулга тэмцээн зохион байгуулагдана.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 оны хоёрдугаар сард гурван их дуулга тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хамгийн эхний тэмцээн нь Парисын их дуулга тэмцээн байсан бол өнгөрөгч долоо хоногт (хоёрдугаар сарын 14-16) Бакугийн их дуулга тэмцээн зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэ сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн уламжлалт Ташкентын их дуулга тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Өнөөдрийн байдлаар 23 орны 247 жүдоч барилдах мэдүүлгээ өгөөд байгаагийн дотор манай улсаас эрэгтэйчүүдийн -66кг жинд нэг тамирчин буюу Мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн мастер барилдах мэдүүлгээ өгөөд байна. Энэ жил 32 настай Г.Хэрлэн мастерийн хувьд 2022 оны Унгарын их дуулга тэмцээнд хүрэл медаль хүртсэнээс хойш төдийлөн олон тэмцээнд оролцоогүй байгаа юм.
Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн -52кг жинд өнгөрсөн оны Абу Дабыгийн их дуулга, Ази тивийн аварга Б.Хорлоодой Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдана. Тэрээр 4326 оноотойгоор -52кг жинд 7-д эрэмбэлэгдэж байгаа ба энэ удаагийн Ташкентын их дуулга тэмцээнд жингээ тэргүүлэн барилдахаар байна.
Монгол бөхчүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.