Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд урилгаар оролцдог Мастерс тэмцээн Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж байна.
Өчигдөр /наймдугаар сарын 4-ны өдөр/ албан ёсоор эхэлсэн Мастерс тэмцээнд 59 орны 419 жүдоч уригдан оролцож байна. Жин тус бүрийн шилдэг 16 бөх оролцдог мастерс тэмцээн 2019 оноос жин тус бүрийн шилдэг 36 жүдоч оролцдог болж хүрээгээ тэлсэн байдаг. Дэлхийн мастерс тэмцээн нь нэг жинд нэг улсаас оролцох тамирчны тоонд хязгаар тогтоодоггүй цорын ганц тэмцээн бөгөөд манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга бөгөөд эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй тав буюу нийт 14 жүдоч хүч үзэж байна. Манай баг тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй долоон бөх зодоглож хоёр медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн -60кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүү мастерсийн анхны медалиа хүртсэн нь хүрэл медаль байлаа.
Медалийн чанараар гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон улсын баг, тамирчид итгэл төгс тэргүүлж байгаа бол манай баг тамирчид одоогийн байдлаар нэг мөнгө, нэг хүрэл, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Мөн түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Нармандах өчигдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртлээ. Түүний медалийн төлөөх барилдаанд хийсэн цэвэр савалт жүдо сонирхогчдыг огшоосон ганган мэх байлаа.