Мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох "British Open 2022" тэмцээний шөвгийн найман тамирчин тунан үлдээд байна.
Урьд шөнө нэгэн сонирхолтой тоглолт болсон ба дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж буй Жак Лисовскитой шөвгийн наймд үлдэхийн төлөөх эхний тоглолтдоо 151 оноо авлаа. Снукер биллиардын стандарт тоглолтод авч болох хамгийн дээд оноо нь 147 байдаг бол Марк Селби үүнээс дөрвөн оноогоор илүү буюу 151 оноо авч шуугиан тарилаа. Энд мэдээж Жак Лисовскигийн алдааны дөрвөн оноо нэмэгдсэн гэсэн үг.
Снукер биллиардын албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээнд хамгийн анхны 147 оноог домогт Стив Девис 1982 онд авч байсан бол Марк Селбигийн хувьд дөрөв дэх удаагаа дээд оноог авч буй нь энэ юм. 1980, 1990-ээд онд тоглогчид хамгийн дээд оноо авсныхаа төлөө 147,000 фунт стерлингийн шагнал хүртдэг байсан ба тоглогчдын дээд оноо авах давтамж нэмэгдэхийн хэрээр шагналыг 5,000 фунт стерлинг болгон өөрчилсөн нь тоглогчдын эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
2004 оны 10 дугаар сард Их Британийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр Жейми Бернетт Лео Фернандезын эсрэг тоглохдоо 148 оноо авсан нь тэмцээний тоглолтод 147-оос дээш оноо авсан анхны тоглогч болсон юм. Харин бэлтгэлийн үеэр хэд хэдэн тоглогч 151 бүр 155 оноо авсан тохиолдол ч бүртгэгдсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар хамгийн олон удаа буюу 12 удаа 147 ба түүнээс дээш оноог авсан тоглогч бол домогт Ронни О Сулливан юм. "British Open 2022" тэмцээн нь тойрог бүрийн оноолтыг санамсаргүй байдлаар хийж байгаа ба шөвгийн 16-ын тоглолтод дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Жадд Трамп аваргыг буулган авсан Марк Аллен шөвгийн наймд Марк Селбитэй оноолт таарлаа.