Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээний эхний өдөр монгол бөхчүүд финалд тунаж, төрийн дуулал эгшиглэлээ.
63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний мэдээлэл болон эхний өдөр зодоглосон бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Анталя их дуулга тэмцээний эхний өдөр манай улсаас найман бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар шагналт байранд шалгарлаа.
Спорт мэдээ, мэдээллийн livetv.mn/sport сувгийн зүгээс медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг хүргэдэг уламжлалын дагуу алтан медаль хүртсэн Г.Наранцэцэгийн барилдааны бичлэгийг толилуулж байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг А хэсгийн эхний тойрогт өнгөрсөн оны Бакугийн их дуулгын мөнгөн медальт Австрийн Танзер Катаринатай учраа таарч нэмэлт цагт цэвэр яллаа.
Удаах тойрогт Парисын их дуулгын хошой хүрэл медальт Францын Б.Понтыг мөн цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Хэсгийн аваргын төлөө өсвөрийн дэлхийн аварга Туркийн залуу бөхийг цэвэр яллаа.
Хагас шигшээ барилдаанд Сербийн хашир туршлагатай М.Николикийг буулган авч аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Алтан медалийн төлөө монгол бөхчүүд болох Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хоорондоо учраа таарч Г.Наранцэцэг торгуулиар цэвэр ялснаар их дуулга ангиллын анхны алтан медалиа хүртлээ.