Олимпын төрөлт таеквондогийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй зохион байгуулагдаж байна.
Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж буй Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пара-таеквондогийн төрөлд манай улсаас Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, Х.Энхтуяа, Ц.Даваачулуу нар хүрэл медаль хүртлээ. ДАШТ, ААШТ-ий тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнийн шигшээ тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хуваарь ёсоор насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -63кг, -80кг, эмэгтэйчүүдийн -67кг жингүүдийн тулаан явагдах ба манай улсаас ОУХМ П.Тэмүүжин, ОУХМ Д.Чинзориг нар тулалдана.
Эрэгтэйчүүдийн -63кг жинд монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Чинзориг эхний тулаанаа Ираны хашир туршлагатай (28 нас) Сина Бахранитай хийнэ. С.Бахранигийн хувьд багийн дэлхийн цомд дөрвөн удаа түрүүлж байсан шилдэг тулаанч юм. Д.Чинзоригийн хувьд С.Бахраниг ялсан тохиолдолд медалийн төлөөх тулаанд түүнийг тус жинг тэргүүлэн тулалдаж буй 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Ираны Ахмади Сороуш хүлээж байна.
Эрэгтэйчүүдийн -80кг жинд манай улсаас Рио-2016 олимпын наадамд гайхалтай тулааныг хийж монгол түмнээ огшоож байсан ОУХМ П.Тэмүүжин өрсөлдөж байна. Тэрээр эхний тулаанаа 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2017 оны Ази тивийн аварга БНСУ-ын Пак Вү Хёоктой хийнэ.
Манай тамирчдын хэн хэн нь хоёр ялахад медалийн болзол хангах оноолттой байгаа юм. Тамирчдадаа эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе.