Японы мэргэжлийн сумо бөхийн Такасаго дэвжээний озеки Асанояама хорио цээрийн дэглэм зөрчсөн нь батлагдсан тул сумо бөхийн холбооноос нэн даруй арга хэмжээ авч нацу башёгийн дундаас хаслаа.
Тэрээр Нацу башё эхлэхээс өмнө буюу сумо бөхийн холбооноос бөхчүүдэд хатуу хөл хорио тогтоосон үед хэд хэдэн удаа шөнийн цэнгээний газар наргиж цэнгэсэн талаар шуугиан гарч байлаа. Асанояама үүнийг "гүтгэлэг" хэмээн эрс үгүйсгэж байсан ч өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр Японы долоо хоног тутмын "Bunshun" сонинд шөнийн цэнгээний газраар орсон зураг нь нийтлэгдсэний дараа үнэнээ хүлээсэн байна.
Тус сонинд мэдээлснээр онц байдал зарласан үеэр буюу дөрөвдүгээр сарын 30-ны шөнө 22:00 цагаас хойш Кагуразака дахь кабаре клубт туслахуудын хамт очсон болох нь зураг, бичлэгээр баталгаажсан байна. Мөн түүнчлэн нацу башё эхлэхийн өмнөхөн буюу тавдугаар сарын 7-ны шөнө дахин тус кабаре клубт ирсэн ч сэтгүүлчид байгааг анзааран зугтсан байна.
Сумо бөхийн холбооноос Асанояамаг Нацу башёг цааш үргэлжлүүлэн барилдахыг нь хориглосон шийдвэр гаргасан бөгөөд башёгийн дараа түүнд чухам ямар шийтгэл оногдуулахыг шийдвэрлэхээр болсон байна.