Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдах эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 487 тамирчин оролцож байна. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдах ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 56кг жинд Б.Алтантулга манайхны салхийг хагалан, урамтай сайхан тулалдаж ялалт байгууллаа. Түүний жинд нийт 26 боксчин тулалдахаар сугалаанд орсон бөгөөд манай тамирчин эхний тойрогт Молдавын тамирчинтай оноолт таарсан юм.
Манай сайт сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 11 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол ширэн бээлийтнүүдийхээ тулааны бичлэг болон явцын мэдээллийг тогтмол, шуурхай хүргэж байна.
Өнөөдөр /дөрөвдүгээр сарын 14/ орой хуваарь ёсоор манай гурван тулаанч тулалдана.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Дөрөвдүгээр сарын 14 /Лхагва/
20:00 цагаас Эрэгтэйчүүдийн 52, 91кг жингүүдийн тулаан
23:00 цагаас Эмэгтэйчүүдийн 57, 60кг жингийн тулаан явагдана.
Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 52кг жинд Э.Сүхбат Германы боксчинтой тулалдах бол эмэгтэйчүүдийн 57кг жинд Т.Номин-Эрдэнэ Казахстан, 60кг жинд Г.Бадмаараг Чехийн боксчинтой тус тус тулалдах хуваарьтай байна.